Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.Энэ хүрээнд тус үйлдвэрийн хотхон, 550 айлын орон сууц, үйлчилгээний төв баригдаж байгаа юм. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр олон монгол компани оролцож байгаа бөгөөд тэдний дунд орон нутгийн компаниуд ч цөөнгүй байгаа аж. Тус үйлдвэр 2024 оны эцсээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим төлөвлөгөөт ажил хойшилсоноос үүдэн 2025 он гаргах төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан Зээлийн Ерөнхий хэлэлцээрт заасны дагуу тус үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалын ихэнхийг Энэтхэг улсаас импортлох учиртай. Овор ихтэй техник, тоног төхөөрөмжийг далайн чанадаас, хэд хэдэн улсын нутгаар дамжуулан тээвэрлэхэд багагүй хүндрэл учирч байгаа юм. Монгол улс газрын тосны үйлдвэртэй болсноор жилд 1,5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай болно. Тус үйлдвэрээс 840 мянган тн дизель,340 мянган тн автобензин, 80 мянган тн онгоцны түлш(Jet A1), 43 мянган тн шингэрүүлсэн шатдаг хий, 43 мянган тн зуухны түлш гарах юм. Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх бөгөөд үйлдвэрлэсэн зуухны түлшийн нэлээд хувийг станцдаа ашиглах юм байна. Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг Дорнод аймгийн Тамсагийн сав газар дахь хоёр ордын тосыг 50:50 хувиар хольж боловсруулна. Мөн түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэх юм байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна