Говь явлаа. Өмнөговийг зорьж очлоо.
Тэмээн дээрээс наран ойрхон хэмээсэн Адараагийн дууны үнэнийг амин зүрхэн дундуураа урсган байж мэдрэх гэж, Түмэн тэмээний баярыг нүдээр үзэн баярлах гэж хүлгийн жолоо заллаа.
Хаврын дунд сарын дулаахан наран говийн намхан толгодоо тос даатал илчээрээ ээн, ханзарч арилсан цасны ормоор газрын өнгөнд хээ тогтсон үзэгдэнэ.
Ай даа, яг л энэ нутгийн хүү, ангийн анд Цээнзэнгийн Галбадрахын маань уулга алдан шүлэглэсэн МИНИЙ ГОВЬ шүлгийн мөрүүд нүднээ амилах нь гайхалтай.
...Зэрэглээнд шингэвч
Уусах нь үгүй
миний говь
Зээглэнхэн алславч
Уртсах нь үгүй
миний говь
Асга хад хагачиж
Аргаль нь хулжих
миний говь
Адууны салхинд хөглөгдөж
Толгод нь хуурдах
миний говь
Говь гэдэг чухамдаа нээрээ ийм л байдаг ажээ.
Даланзадгад руу ороод ирлээ. Арваад жилийн өмнө очиж байснаас минь анхи ондоо болжээ.
Хүрээ хаяагаа тэлсэн ч гэж жигтэйхэн, хүн зоны хөл хөдөлгөөн ихэссэн ч гэж тоймгүй.
Гэхдээ ингэж томрохдоо өнгө зүс орж, өөдөлж дэгжсэн нь хараа булаана.
Аймгийн Хөгжимт жүжгийн театр, Говь байгаль түүхийн музей, Даланзадгад сумын Нутгийн удирдлагын ордон, Монголбанк, мэргэжлийн хяналтын барилга, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны хороолол, Соёл спортын цогцолбор, Усан бассейн гээд аймгууд дунд байтугай хотод ховорхон ганган барилгууд сүндэрлэж гадна дотны хэнбугайн ч харааг булаах нь сайхан.
Өөдлөх айлын өнгө гэдэг арай л өөр аж. Уул уурхайн хаялга ч биз, удирдаж жолоодож буй хүмүүсийн ухаан зүтгэлийн хүч ч биз.
Гэхдээ говийнхон нэг л гомдолтой. Төр засаг, түмэн олон манай аймгийг Оюу толгой, Таван толгой л гэж харахаас биш дарга нар барагтай бол Даланзадгадаар дайраад гарах ч биш дээ гэх үг унагах хүн цөөнгүй.
Уул уурхайгаа хөгжүүлж байна гээд ус гэдэг чандмань эрдэнийг нь ховх сорж буй талаар дээр дооргүй л халаглах аж.
Учир нь говьд ил задгай гадаргын ус гэдэг нүдний гэм. Тийм л болохоор өнөөдөр Монголыг тэжээж буй өнөөх том уурхайнууд өнөөг хүртэл гүний усыг ашигласаар.Гэтэл гүний ус гэдэг эргэж хэзээ ч нөхөгдөхгүй, яг л өнөөх алт, зэс, нүүрс шигээ шавхагддаг, дундардаг, дуусдаг баялаг аж.
Зүүн сумдад бүр 150 метр гүн өрөмдөөд ч одоо ус гарахаа больсон гэх. Үүнээс үүдэн хүн малгүй харангадах аюулын харанга аль хэдийнэ дэлдээд эхэлж.
Энэ янзаараа удвал “усны дайн” Африкаас биш Азийн Монголоос эхлэх муу совин татна...
Говьд бэлчээрийн маргаан дээр нэмээд “усны дажин” дэгдээд эхэлчихэж.
Угаас ус нь хүрэлцээ хэмжээ багатай хэдэн худгаа малчид өмчирхөж, харамлаж, өөрийн малаа усалчихаад тагийг нь таг түгжих, тас гагнах, тэр ч байтугай худаг руу нь дөхсөн хүн малыг буу шийдэм барин элдэж хөөх энүүхэнд болсон гэлцэнэ.
Ангасан говийн цангасан олны асуудал болсон энэ сэдэв харин төрд түй ч хамаагүй мэт чимээгүй гүлдийцгээнэ. “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчээр сая сая тонноор нь нүүрс, зэс, аль эрдэнэсийг нь зөөж, говийн өрцөнд үлдсэн гүний балга усыг голыг нь гогодох шиг цаг минутаар дундлана.
Амин судсаа хануулж амь тэмцэн тарчлах шиг говийн ус улам бүр л ховордоно.
Сонгууль бүрээр чихэн дээр цэцэг болон ургадаг “Хэрлэн говь” төсөл хэл чимээгүй.
Олны саналыг татах ов мэхээ болгодог “Орхон говь” төсөл ч ор сураггүй.
Хамгийн сүүлд “Хөх морь” хэмээх хөтөлбөр хэсэгхэн зуур яригдаад алга болов. Арга нь барагдса говийнхон адууны эрэлд яваа хүн шиг говийг усжуулах “Хөх морь” төслийн “хөлийг нь хэн тушчихав” хэмээн өвөр зуураа сураглах.
Улс төрчид минь даанч уран цэцэн үгтэй. Хийх нь даанч үгүй болохоос хэтэрхий мэргэн жараахайн дүртэй.
Уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээнэ, нүүрсээ угааж, зэсээ баяжуулж, алтаа цэвэршүүлж “алаад өгнө” гэж индэр дээрээс ниргэх нь холгүй нүргэлнэ, алга ташуулж нисэх нь холгүй хөөрцөглөнө.
Гэхдээ тэр бүхэнд ус ордог гэдгийг, нэмүү өртөг шингээх уран ухааных нь нидэрт ус эрдэнэ өртөж ширгэж үгүй болно гэдгийг ухаарах сөхөөгүй нь эмгэнэлтэй.
Урд айл руу урсаад оддог Хэрлэнгийн уснаасаа жаахныг ч болов говь руугаа татах гэхээр хэрчлээ тасчлаа гээд хэдэрлээд босдог аварга улс төрчидтэй.
Хойд айл руу Сэлэнгэ болоод урсчихдаг Орхон, Туулаасаа багаханыг ч болов шугам хоолойгоор авах гэхээр шулам шиг хорлоод гүйчихдэг иргэний “хийрхэлийн “ байгууллагуудтайгаа эвлэрсээр л байх уу цаашдаа.
“Хөх морь”индоо ус ганзагалаад ангасан говийн ахан дүүсээ аврахсан хэдүүлээ.
Тэрбум модны тэн хагас нь таригдах тэнүүн говийнхоо хатсан элгийг дэвтээхсэн.
Нэмүү өртөг нэмэх эдийн засгийн хөгжлийн чинь“венийн судас” нь говь руу ус татах гэдгийг ухаарч л байгаа юм бол ШИНЭ СЭРГЭЛТ-ээ сэлбэх бодлогоо говь руу чиглүүлмээр санагдана.
Таван толгойн станц баригддаг юмаа гэхэд ус л хэрэгтэй. Нүүрсээ угаахад ч, нүүрээ угаахад ч, нүхэн жорлонгоосоо салахад ч ус л хэрэгтэй.
Ган хайлуулж, зэсээ баяжуулж, боомтын боймоо тайлахад ч бас ус л хэрэгтэй.
Говиос би буцаж явна. Буцах замдаа ангасан говь устай болоосой гэсэн амин мөрөөдөл тээсээр харьж явна.
Яг л Галаагийн маань яруу үгсээр хэлхсэн
...Хуртай зун
Тэмээдийн таваг нь нов ногоон
миний говь
Хумхын ч үүлгүй
Тэнгэрийн өнгө нь цэв цэнхэр
миний говь
Хөх ногооны униар
Дэргээ даргиа
миний говь
Хөсөг нүүдлийн бараа
Дэнхэн данхан
миний говь...устай болоосой.
Ороод гарахад унд цайтай ижий шиг орон улсаа тэжээж тэтгэсээр газрын тамир нь барагдсан Өмнийн цэнхэр говьдоо хүүгийн сэтгэлээр хандаж устай болгож нэг тэнхрүүлэхсэн.
Одоогоор сэтгэгдэл алга байна