“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ

Халуун сэдэв 3 years, 1 month өмнө

          Орос Украины хямрал дэлхий нийтийг ид түгшээж байна. Монголчууд бид ч ялгаагүй. Дотоодын гэхээс илүүтэй гадаад үйл явдлын мэдээнд хөгшин хөвөөгүй шуурцгааж байна.

          Гэхдээ Орос , эсхүл Украины талыг өмөөрч талцан шуугих нь жин дарахаас бус энэ ээдрээт нөхцөл байдал манай улсад чухам ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг урьдчилж харж бодож байгаа нь хэтэрхий цөөхөн харагдах. Ялангуяа төрийн эрх барьж буй хүмүүсийн амнаас элдэв болчимгүй үгс унаж, учир мэдэх хүмүүсийн уурыг барж байх шиг.

          Дайн эхэлсэн өдөр сэтгэл нь хөөрсөн үү яасан манай Батлан Хамгаалахын сайд “ ...Жил бүрийн  2 дугаар сарын 23-ны өдрийг Орос улсад “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу Оросын цэргийн баярын өдөр болгон тэмдэглэдэг юм” гэж ирээд л нэг л их огшсон, омогшсон жиргээ хийх нь тэр.

          Гэтэл араас нь Уул уурхайн сайд Г.Ёндон барууныхан “ ОХУ-ын экспортод хориг тавиад эхлэхээр бидэнд эерэгээр нөлөөлж магадгүй” гэж тун ч болчимгүй мэдэгдэл хийж орхив.

          Танхимынхаа хоёр сайдаас яаж дутахав гэсэн шиг Шадар сайд С.Амарсайхан  байгалийн хийн хоолойн төсөлд яаран гарын үсэг зурж, тэр нь Риа Новости –гаар дэлхийд цацагдаж,   бүр ч ангайлгаж орхив.

          Энэ төсөл яг манайд ямар ашигтай, хийн хоолой тавигдсанаар бид газар нутгаараа дамжуулж хэдий хэмжээний төлбөр авах, төлбөрийнхөө хэдэн хувийг нь хий хэлбэрээр авч болох, энэ нь Улаанбаатар болон хийн хоолой тавигдах маршрутын дагуух хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй эсэх, энэ хоолойноос болж Монгол Улс хэтдээ “геополитикийн хавх”-нд орчихгүй байх боломжтой эсэх гээд олон асуулт ерөөс тодорхой болоогүй хариултаа нэхсэн үед шууд гарын үсэг зурчихаж байгаа нь гайхаш төрүүлнэ.

          Түүнээс болж ёстой л нөгөө кинон дээр гардаг Богд тамгаа дарчихаад “...Би юу хийчих вэ” гээд бувтнадаг шиг улсаараа айх гайхах зэрэгцэн шогширцгоож байна.

         Дайны гал дүрэлзсэн энэ өдрүүдэд Харьков дахь байгалийн хийн хоолойг дэлбэлж орхисон. Германчууд Оросоос хий авах ашиглалтад ороход нэгэнт бэлэн болчихсон “Хойд урсгал-2” дамжуулах хоолойн зөвшөөрлөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихсан ийм эгзэгтэй үед “таван гарын муушиг”-т гарт нь мод ирээгүй байхад “харанхуй” орж хамгаа тавиад туух адгуу нэгэн шиг түргэн түүхий шийд гаргаж буй нь гайхмаар.

               Тодорхой бус бүхэн тодорхой бус үр дагавар дагуулдаг.Гэхдээ сайнаасаа саарыг дагуулах нь элбэг.

          Өнөөдөр бид Дорноговь аймагт газрын тосны үйлдвэрээ байгуулж байна гээд дээр дооргүй л хөөрцөглөн хүлээцгээж байгаа.

          Гэхдээ тэр үйлдвэрийг түүхий эдээр хангах учиртай Тамсагийн газрын тос БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компаний мэдэлд буйг мартчихсан юм шиг л аашилж суугаа. Яг л “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг.

          Яахав бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бага сага газрын тос манайд оногдож буй. Түүнийгээ боловсруулж болох ч энэ нь өнөөх Газрын тосны үйлдвэрийн хувьд “аманд нь шар тос түрхээд ходоодыг нь хоосон үлдээх”-тэй агаар нэг л асуудал болчихоод байгаа шүү дээ.

          Өмнөх асуудлын ээдрээ зангилааг бүрэн гүйцэд тайлж чадаагүй байж дүрэм нь тодорхойгүй “тоглоом”-руу шуугиж ороод байдгийг нэг л ухаж ойлгохгүй байна.

          Европын холбоо ОХУ-д хориг тавьсанаас болж тус улсын тооохон банк санхүүийн байгууллагууд дэлхийгээс таслагдлаа. Энэ тохиолдолд жилдээ 1 тэрбум гаруй ам долларын шатахуун тус улсаас импортолдог манай улс газрын тосны бүтээгдэхүүний төлбөрөө ямар замаар шилжүүлэх вэ, үнийн өсөлтийг хэрхэн гатлан давах вэ гээд толгойны өвчин мундахгүй их.

 “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгийн үлгэрээр Оросод тавьсан хориг бидэнд эерэгээр нөлөөлж магадгүй гэж эргүүтэж суухын оронд стратегийн нөөц бүрдүүлэх сав суулга, бодлогоо боловсруулж суухгүй өдий хүрсэн төрдөө гомдмоор.

           Ер нь бид бултаараа нэг л “сохор азанд найдсан согтуу улс” болчихлоо.

          Телевизийн суваг болгоноор сугалаа. Сургууль цэцэрлэгт хүүхдээ оруулах ч сугалаа.

       Австралид үер болоосой нүүрсний минь үнэ өсөх байх, Оросод тавьсан хориг олз болж манайд эерэгээр тусаасай гэсэн сохор аз солгой мэдэгдэл хийсэн улс л хаа сайгүй.

          Ёстой нөгөө “Бурхны авралаар та минь ирлээ” гэгчээр өнгөрсөн зуны хур борооны ачаар арвин ургац авсан маань энэ удаад аминд орж таарах нь.

          Салбарын яам, гурилын үйлдвэрүүд нь тоож шиншихгүй үтрэм дээр хаягдаж,  хивэгний үнээр зарагдахдаа тулаад буй 200 мянган тн улаан буудай л ирэх зун аминд орж мэдэх нь.

           Өөр нэг анхаарахгүй байх аргагүй сэдэв бол уул уурхайн салбартай шууд холбогдоно. Дайн сунжрах тийшээ хандсантай холбоотойгоор ОХУ л лав тэсэлгээний материал мөддөө экспортлохгүй болж таарлаа.  Бусад нь ч бас яах нь тодорхой бус.    

Тэгэхээр эдийн засгийн ачааг тээж яваа уул уурхайн салбар тэсэлгээний материалгүй бол тэг зогсоноо л гэсэн үг. Энэ асуудалд төр дорвитой анхаарахгүй бол ямар Г.Ёндон сайд жоотуудаад зээтүүдээд уул уурхайгаа ажиллуулж чадахгүй нь мэдээж.

          Түлш шатахуун, эрчим хүч, тэсэлгээний материал гээд  хамаг бүхнээрээ бид хойд хөршөөсөө хараат гэдгээ одоо нэг эрхбиш ойлгож баймаар.

          Дэлхий нийт дайн дажинаас болж ногоон эрчим хүч гэсэн хийрхэлээсээ  одоо л нэг юм сэрж буй энэ үүлэн чөлөөний боломжийг ашиглаад бушуухан шиг Тавантолгой, Багануурын цахилгаан станцуудаа гялс бариад авмаар санагдах.

          Эрдэнэбүрэнгийн УЦС-аа энэ хавар түргэхэн шиг эхлүүлж ажил хэрэг болгочихмоор бодогдох.

          Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт алба юм шиг ордог хэрнээ амь сүнстэй болж өгдөггүй аварга хэдэн төслүүдээ амилуулах тал дээр унхиатайхан шиг хөдлөх цаг болсон мэт.

          Европын холбоо, ОХУ-ын зөрчилдөөнөөс болж манай дээгүүр дамжин өнгөрөх нислэг будаа болж орлого 78 хувиар тасалдах нь ээ гэж шогширч суухаар Хөшигийн хөндийн нисэх буудлаа Ази Европыг холбосон дамжин өнгөрөх олон улсын нисэх буудал болгон ажиллуулах тал дээр салбарын хүмүүсийн үгийг сонсож анхиатайхан шиг ажиллаад өгмөөр санагдах.

          Муу эрс дайнд хөөрч болноо. Харин Монгол улс “МУу улс байж дайнд хөөрч” л хэрхэвч боломгүй бодогдоод байгаа юм даа.

2022-03-01

Одоогоор сэтгэгдэл алга байна