ТӨВИЙН БҮСЭД АИ-92 БЕНЗИНИЙ 4 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Өчигдөрөөс эхлэн нийслэлд АИ-92 шатахууны хомсдол үүссэн. Гэнэтийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан Уул уурхайн яамнаас мэдээлэл хийлээ. Тус яамны мэдэгдсэнээр манай улс сард дунджаар 38-аас 40 мянган тн АИ-92 шатахуун хэрэглэдэг байна. Үүний 95 хувийг ОХУ-аас, 5-аас 10 орчим хувийг БНХАУ-аас импортолдог ажээ. Үүнээс Роснефть компани сард багадаа 28000 тн АИ-92 шатахуун Монгол улсад өгөх үүрэг  гэрээгээр хүлээсэн байдаг. Гэсэн хэдий ч Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт засвар хийх болсонтой холбоотойгоор энэ есдүгээр сард ердөө 17000 тн АИ-92 өгөх боломжтой гэж 8 дугаар сард мэдэгдэж байжээ. Үүнтэй холбогдуулан манай улсын нефть импортлогч 5 ААН БНХАУ-аас 1037 вагон буюу ойролцоогоор 50 гаруй мянган тн АИ-92 евро стандартын бензин авахаар гэрээ байгуулж мөнгөө шилжүүлэн вагоны квотоо захиалсан байна. Гэтэл урд хөршид төмөр замын ачаа эргэлт их байна гэсэн шалтгаанаас үүдэн наашаа ачигдах хугацаа нь тодорхойгүй болж хойшилжээ. Үүн дээр Роснефть энэ сард нийлүүлнэ гэж байсан 17000 тн АИ-92 бензинээс үлдсэн 10 мянган тн-ыг нь 10 дугаар сар гартал нийлүүлэх боломжгүй болсон тухайгаа өчигдөр гэнэт мэдэгдсэн байна. Үүнээс шалтгаалан АИ-92 шатахууны хомсдол үүсчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны хувьд 16 хоногийн нөөцтэй байгаа бол төвийн бүсийн хэмжээнд 4 хоногийн нөөцтэй байна. Иймээс БНХАУ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж Монгол улс руу ачигдах ёстой шатахуун тээвэрлэлтийг хурдавчлах талаар яриа хэлцэл хийж байна гэв.       

 

 

 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна