ЭРДЭМТЭД ЭЛЭГНИЙ ӨӨХЖИЛТӨӨС ХАМГААЛАХ УНДААГ НЭРЛЭВ

Дэлхийд 3 years, 7 months өмнө

Эрдэмтэд архины шалтгаант бус элэгний өөхлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд юу уух нь хэрэгтэйг олж тогтоожээ. Пенсильванийн их сургуулийн судлаачдын саяхан хийсэн судалгаагаар ногоон цайны анагаах шинэ шинж чанарыг нээжээ. Ногоон цай нь хорт хавдар, альцгеймерын өвчин буюу зөнөглөл, цус харвалт, зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулаад зогсохгүй элэгний өөхлөлтөөс үр дүнтэй хамгаалдаг болох нь нотлогджээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд таргалалтаас үүдэн элэгний  өөхжилт ихсэх хандлагатай болсон байна. Элэгний өөхжилтийн гол шалтгаан нь илүүдэл жин, суурин амьдралын хэв маяг, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин зэрэг бөгөөд даамжирвал элэгний хатуурал, бүр элэгний хавдар ч үүсэх эрсдэлд хүргэдэг байна. Лабораторийн туршилтыг 3 янзаар таргалалт болон чихрийн шижингээр өвчилсөн хулгана дээр 16 хоногийн турш хийжээ. Эхний хэсгийн хулгануудад кофейнгүй ногоон цайны хандыг хоолтой хамт өгч дугуйн дээр гүйлгэсэн бол хоёр дахь хэсгийн хулгануудад эхний бүлгийн хулгануудынхтай адил, гэхдээ цайны хандгүй, харин гурав дахь хэсгийн хулгануудад хоол хүнс өгсөн ч дугуйн дээр гүйлгэж биеийн тамирын дасгал хийлгэлгүй туршсан байна. Эхний туршилтыг гурав дахь туршилттай харьцуулахад элэгний эсэд өөх тос дөрөвний гурваас бага хувийг эзэлж байсан ба хоёр дахь туршилт ч мөн адил сайн үр дүн үзүүлжээ. Цаашид АНУ-ын эрдэмтэд энэ туршилтыг хүмүүс дээр хийхээр төлөвлөж байна. Гэхдээ тэдний үзэж буйгаар ногоон цай болон дасгал хөдөлгөөнийг хослуулах нь бидний эрүүл мэндэд маш их тустай болох нь нэгэнт тодорхой байгаа юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна