ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

  • Гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг арилгуулах асуудал одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Улмаар хохирогч зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх бололцоогүй болчихоод байгаа юм.
  • ХЗДХЯ-аас сэтгэл санаанд учирсан энэхүү хохирлыг ямар арга аргачлалын дагуу тооцох вэ гэдгийг судалж, хуулийн төсөл боловсруулж байна. Үүнийг чухам ямар хэмжээний мөнгөн дүнгээр тооцох вэ гэдэг асуудлыг боловсронгуй болгож байна. Бие махбодидоо хүнд гэмтэл авсан бол тухайн иргэний сэтгэл санаанд давхар нөлөөлж болно. Сэтгэл санаанд нөлөөлсөн энэхүү үйл явц нь байнгын эсвэл түр зуурын шинжтэй байх уу гэдгээс хамаарч хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг ярьж байгаа.
  • Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хямрал үүсч болно. Хэдийгээр хохирлыг бүрэн барагдуулж барахгүй ч хохирогч талд үүссэн асуудлыг тодорхой хэмжээнд мөнгөн дүнгээр шийдвэрлэдэг олон улсын жишиг хандлага байна.
  • Хохирлын сангийн асуудлыг бид судалж байна. Өөрөөр хэлбэл, эхлээд төрөөс мөнгийг нь барагдуулж, дараа нь гэм буруутай этгээдээс зардал мөнгийг нь гаргуулах ийм тогтолцоог судалж байгаа гэсэн үг. Мэдээж тухайн иргэний сэтгэцэд ямар хохирол учирсныг мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтооно. Үүнийг үндэслэж шүүхээс мөнгөн дүнг  тодорхой аргачлалын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн үг.
  • Олон улсын жишгийг харахад шүүхээс сэтгэл санааны хохирлыг үнэлж хэмжээг нь тогтоодог. Өөрөөр хэлбэл, хүний биед хүнд гэмтэл учруулсан бол сэтгэл санааны хохиролд нь ийм хэмжээний мөнгө өгнө гэх мэтчилэн тооцсон байдаг.  Солонгос улсад гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ар гэрийнхэнд нь учирсан сэтгэл санааны хохирлын суурь үнэлгээг 80 сая вонн байхаар тогтоожээ. Харин Франц улсад 60 мянган евро гэх мэтчилэн харилцан адилгүй байна. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж байна гээд хэт өндөр мөнгөн дүн тогтоож болохгүй. Тиймээс нөхөн төлбөрийн хязгаарыг хуульчилж өгдөг практик бий. Хамгийн гол нь сэтгэл санааны хохирлын мөнгө төлөгдөх хэмжээнд байх ёстой. Буруутай этгээдэд ял шийтгэл эдлүүлэхээс гадна давхар сэтгэл санааны хохирлыг төлүүлэх үүднээс ял эдэлж байх хугацаанд нь хөдөлмөрлөх бололцоогоор хангаж өгөх ёстой. Тиймээс ял эдэлж байх хугацаанд нь сайн дурын хөдөлмөрт хамруулж, тодорхой хэмжээний орлого олох замаар хор уршгийг нөхөн төлөх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно.
  • Одоогийн байдлаар Монгол Улсад ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хувийг сайн дурын хөдөлмөрт хамруулж, хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх орлого олох бололцоог нь бүрдүүлж байгаа.
  • Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй субъектийг дэлхийн бусад улс орнуудад хязгаарлаж өгдөг. Хохирогчийн эрх ашгийг хамгаална гээд хамаагүй хавтгай шинжтэй байж болохгүй.Тиймээс тодорхой төрлийн гэмт хэргийг зааж өгдөг. Тодруулбал, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан бол сэтгэл санааны мөнгийг нөхөн төлөх эрх зүйн зохицуулалт зарим улсад бий. Цаашилбал, гэмт хэргийн улмаас хүний амь нас эндсэн бол сэтгэл санааны хор уршгийг барагдуулах боломжтой. Түүнээс биш бүхий л гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол тооцохыг хязгаарладаг бусад орны практик байна.
  • Ер нь хүний сэтгэл санаанд учирч буй хор уршгийг мөнгөөр үнэлж баршгүй. Гэвч асуудлыг орхигдуулж болохгүй.
  • Улс орны эдийн засгийн нөхцөл байдал,  иргэдийнх нь орлогын дундаж үзүүлэлт, ДНБ, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Франц улсад 25 настай эрэгтэй хүн гэмтэж, улмаар хэвийн амьдрах чадвараа 30 орчим хувиар алдсан гэж бодвол төлбөрийн хэмжээ нь 100 мянган евро байхаар хуульчилжээ. Түүнчлэн Америк улсад муж мужаас хамааран нөхөн төлбөрийн мөнгө харилцан адилгүй байна.

Эх сурвалж:Өдрийн сонин.

 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна