Нийтийн мэдээллийн тухай хуультай болсноор иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангана гэж үзэж байна. Мөн нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй, ил тод, шуурхай явуулах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох эрх зүйн боломж нээгдэх юм. Урьд нь 2011 онд УИХ-аас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсан байдаг. Гэхдээ уг хууль мэдээллийн цахим технологи хөгжсөн өнөө үед цаг үеийнхээ шаардлагыг хангаж чадахгүй болсон байна. Хууль шинэчлэн батлагдсанаар мэдээллийн санг үүсгэх, бүрдүүлэх эрх бүхий этгээд, нэгдсэн бүртгэл хяналтад орно. Мөн төрийн байгууллагуудын мэдээллийн зөрүүтэй байдал бүрэн арилна. Төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлнэ. Нөгөө талаар төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инноваци, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна гэж хууль санаачлагчид үзэж байна. Төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулснаар авлига хүнд суртлыг багасгах ажилд ахиц гарна гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна