Эртний Ромын хууль зүйн хэллэгт нэгэн үг бий. Тэр үгэнд “Зам дээр чинь үхсэн хүн, бас цустай хутга барьсан хүн таарчээ. Чи хармагцаа энэ хүн, энэ хүнийг алжээ гэж битгий бодоорой. Яагаад гэвэл дүрсэн хутгыг сугалсан хүн ч байж магадгүй шүү дээ” гэдэг.
Өөрөөр хэлбэл алив мэдээлэлд шууд автах, нягталж дүгнэхгүйгээр дуулиан шуугиан болгон хөөсрүүлж дамжуулагч хийхээс зайлсхий гэж байгаа юм. Хүн ухаантай юм бол бод, эргэцүүл, тунгаа, яаран бүү дүгнэлт хий гэсэн үг л дээ.
Тэр тусмаа мэдээллийн эрин үе гэгдэх өнөө цагт алив мэдээлэлд мухар сохроор итгэх бус түүнийг дүгнэн боловсруулах чадвар хамгаас чухал.
Юм хөгжөөд байна л гэдэг. Нэг талаар үнэн л дээ. Гэхдээ энэ маань хэрэглээ талтай л түлхүү холбогдох болов уу. Түүнээс биш бидний олонхийн сэтгэлгээ бараг л ерээд оныхоо байран дээр бахь байдгаараа.
Гал гаргадаг Өнөрмаад бүхэл бүтэн ШУА нь мад тавиулж, үндэсний телевиз нь Тулах цэг нэвтрүүлгээр шуугиж байсан түүх , “Алтан цөгц”-ний дуулианд улсаараа бужигнаж асан сандрал, тэргэл сарны гэрэлд араг яс болон хувирдаг хятад хүүхний хөрөг бүхий зурагт хуудасны гэнэн айдас, хаа сайгүй харь гарагийн хөлөг нисэлдэж сургуулийн сурагч охидыг суулгаад, бас болоогүй амттанаар дайлж цайлсан талаарх цуурхалаас хойш бүхэл бүтэн гучин он өнгөрөөд байхад бидний гэнэн / уг чанартаа бол тэнэг / сэтгэлгээ бараг л өөрчлөгдсөнгүй.
Дундаа данхтай цай, лонхтой нэрмэл тавьж суугаад “халаадаг хов жив” цахим хэлбэрээр дүрээ өөрчилсөнөөс өөрөөр агуулгын хувьд нэг их дээрдсэнгүй. Харин ч зарим талаар илүү нийгэмд хортой, мэдээллийн зэрлэг хог ургамлын харшилд бултаараа өртсөн нь ажиглагдана.
Хамгийн сүүлийн үеийн үнэтэй гар утас барьсан хэрнээ лам, бөө, үзмэрч, төлөгч, хараалч, ерөөлчийн “live үзлэг, засал”-д хэдэн мянгаараа чихэлдэж, аврал эрсэн сэтгэгдэл нь хэдэн зуугаар хөвөрнө.
Мөнгө, могойны зураг хэдэн мянган “шийрий шийрий” хийгдэхээс үзэхүл бид хүн биш харин “шийрийд хамгаа даатгасан шийр алаг сүрэг” мэт.
Хамгийн эмгэнэлтэй нь тэдэн дунд залуу үеийнхэн, бидний “гэрэлт” ирээдүйн төлөөлөл жин дарах нь харамсалтай.
Энэ янзаараа бол бид өнөө Үндсэн хуулиндаа тунхагласан “Иргэний, хүмүүнлэг, ардчилсан” нийгэм байгуулах нь мөддөө бүтэхгүй шинжтэй.
Олон нийтийн энэ гэнэн цайлган байдлыг далимдуулж овжин сэтгүүлчид, нийгэмд нөлөө бүхий гэгддэг цахимын “лүүзэрүүд” гарчигаар урхиддаг шинэ “хавх”-тай болсон. Тэр “хавх”-нд угаасаа уншихаа байсан, унших зав чөлөөгүй гэдгээр өөрсдийгөө өмөөрөгч нийгэм маань цөмөөрөө шуугиж ороод орилолдож гарна. Гарчгийн доор юу бичсэнийг үл тоон , зөвхөн гарчигт хөтлөгдөн харааж , эсхүл магтаж гарна.
Тэгвэл хамгийн хорлонтой нь олон нийтийн сэтгэлгээний энэхүү түрэмгийлэлд өрсөлдөгчөө аваачиж яргалах, яллуулах, намнах зорилготой улс төрчид, бүлэглэлийн захиалга гүйцэлдүүлэгч хууль хяналтынхан ч энэ аргыг илүүд үзэх болжээ.
Эрх зүйт төрийн тоосгыг эрхэм хуульчид, шүүгчид, прокурорууд, өмгөөлөгч нар, эрх зүйчид өөрсдөө уухайлан нураалцаж байна. Түүндээ хэвлэл мэдээллийг “могой баригч” болгон ашиглаж байна.
Шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтаа хуульчид өөрсдөө булшилж, маанийг нь бувтнаад сууцгааж байна.
Өөрсдөө сандал суудлаа бөхлөх хадаас, баглах оосор болгож байна. Өнөөдөр Монголд нэг экс “борхээр” шиг шударга хүн алга. Байсхийгээд л чуулганы танхимд түүний хэлсэн үгийг таслаж тавиад шударга үнэний туйл байсан мэтээр шагшрана.
Яг чухамдаа бол өмнөх эзэн нь тавьсан өндөр сэнтийнээс нь буулгах үнэр авсан мань алдарт “борхээр” явахдаа ядаж аятайхан имижтэй буухыг бодолгүй л яахав.
Ерөөс манай нийгэм бүхэлдээ “цаг нь болохоор үнэнийг хэлнэ” гэсэн шударгуу үгийг шүтдэг хойно доо.
Харин өнөө цаг нь болохоор хэлэгдэх учиртай үнэнээсээ өмнө хэлнэ гэсэн амлалттай хүмүүс нь “буучихдаг”, буухаараа бүр ч хэлгүй болчихдог нь шоглоомтой.
Хууль шүүхийнхэн гаргах шийдвэрээ бараг урьдчилаад зарлачихна. Ял шийтгэл оноох хүнээ эхэлж ХБХ зарлаж, баривчилж саатуулж буй зураг хөргийг нь дэлгэж, хэлмэгдүүлэлтийн хөрсөө сайхан боловсруулж аваад дараа нь самбар дээр зурсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлдэг нь гэм биш зан болоод удаж байна.
Энэ бүх бусармаг үйлдэлдээ ашиглах булай шүүгчдээ улс төрчид эхлээд онилно. Малчин хүн хуц тавихдаа арай товирууныг нь сонгодог шиг захиалгат шийдвэрийг үг дуугүй биелүүлэх шүүгч мэдээж “олон бөлдөгтэй” байх тусмаа сайн. Мөнөөх сонгогдсон “бөлдөгтнийг” эхлээд барьж авангуутаа “бөлдөгийг” нь нэг сайн базаад авахаа мань хашрууд мэдэлгүй л . Ингэсэн байхад “хараат бус” шүүгч гуай “хазаартай мориноос” номхон хар нөмрөгтөн болж хувирна. Эзний хүслийн боол, “эд мөнгөний зарц” болсон тэд өөрөө л биш бол өрөөлийг хилсдүүлж, хэлмэгдүүлэхийг чухам юман чинээ тоохгүй. Гэхдээ амьдрал төгсгөлтэй хойно эрхбиш “үйлийн үрийн шүүх”-ийн өмнө очих өдөр тэдэнд ч бас бий гэж найдахаас.
Улс төрийн “захиалгат балбалга”-ын өөр нэг хэлбэр бол бас л нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн талбар. Намнах гэсэн, агнах гэсэн азгүй амьтанаа хэвлэл , сайт, сошиалаар нэг сайн “цусгүй алж” байснаа “шударга ёс”-оор өлссөн ард түмний араа шүд рүү шуудхан чулуудчихна.
Ард түмэн ч яахав мөнөөх л урьдын гэнэн зангаараа цаана нь жинхэнэ “шударга бус””-ууд хөх инээдээ барьж ядан тавлангуй жуумалзахыг үл анзааран “шударга ёсны өлсгөлөнг”-нь түр зуур зогоох зориулалттай мөнөөх хөөрхий амьтныг мэрж хэмлэж гарна даа.
Ёстой хууль шүүхийн эцсийн шийдвэр тэдэнд түй ч хамаагүй. “Ал, бууд, дүүжил” гэж түрхрэн хашгиралдана. “Наад хүн чинь арай хэлмэгдсэн юм биш байгаа” гэх хэн нэгэн таарвал долоогч, пялайгч хамсаатнаар нь цоллон давхар хилсдүүлнэ.
Угтаа бол тархи толгойтой хүн гэдгээ мэдэрч, мэдрүүлж, асуудалд буурьтай хандаж сурахгүй бол энэ мэт “таарсан булуу” чулуудаж шударга ёсны оронд “гудрах яс” хаяхаа дээр зайдагнагсад мэдэхгүй л байв гэж дээ. Гэнэн нь дэндүү ийм олонх байсан цагт поп улс төрчдийн оршин тогтнох цаг хугацаа уртасч, “тоглолтын цаг” нь төгсгөлгүй үргэлжлэх нь магад шүү дээ.
Бүх хүн “шүүгч” гэж өөрсдийгөө эндүүрэх цаг дор хууль ёс буртаглагдан нурж, санаатай, захиалгатай дэврээсэн дуулианд хөөрөн дүрэлзсэн олон нийтийн бухимдал сайн мууг ялгалгүй “алж устгах цаазын тавцан” болдог ажгуу.
Гэхдээ хамгийн сонин нь энэ цагийн “цаазын тавцан”-г зохион бүтээгчид өмнөх зууны хэлмэгдүүлэлтийг жигшин зэвүүцэж, Халуун итгэл цөхөрсөн Хатан зүрх шархирсан Хар дарсан зүүд шиг жилүүдийг Хамаг монголчууд бүү мартагтун” хэмээх бичээс бүхий хөшөөнд цэцэг өргөн эмгэнэн гашуудагсадтай хамт бээвийн зогсох нь хоржоонтой.
Түүх давтагддаг гэдэг. Гэхдээ болдогсон бол зарим түүхийг давтмааргүй л санагдах...
2022-02-18
Одоогоор сэтгэгдэл алга байна