Канадын Монреалын их сургуулийн мэргэжилтнүүд 21-р зууны эцэс гэхэд хүн 130 наслах боломжтой болно гэж мэдэгджээ. Мөн хүний амьдралын хамгийн дээд хязгаар нь 180 жил байх болно гэснийг Daily Mail онцолсон байна.
Математик, статистикийн ухааны доктор Лео Белзил тэргүүтэй судлаачдын баг 2100 он гэхэд 1997 онд 122 насандаа таалал төгссөн Жанна Калментийн дээд амжилтыг давах болно гэж үзэж байна. Түүгээр ч барахгүй Белзилийн хэлснээр онолын хувьд хүн мөнх амьдрах боломжтой аж.
Өдгөө дундаж наслалт бүх цаг үеийн хүний дундаж наслалтаас хол давж байгааг эрдэмтэн дурдаад гэсэн хэдий ч амьдралыг мэдэгдэхүйц уртасгах нь нийгмийг бүхэлд нь өөрчилж шинэ сорилтыг бий болгоно гэлээ. Юуны өмнө эрүүл мэндийн асуудал тулгамдаж, өндөр насны тэтгэвэр тэтгэмж багасна. Учир нь татвар төлөгчдийн тоо цөөрч эсрэгээр маш олон ахмад настантай болно.
Белзилийн энэ таамаглалтай Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Эйлин Кримминс санал нэгтэй байна . Тэрээр "Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа өтөлж хөгширсөн хүмүүсийн өвдөг, зүрхний хавхлаг, хонго болон биеийн бусад эд эрхтэнг солих нь маш их зардалтай байх болно гээд энэ нь хуучин машиныг хүчээр ажиллуулж байгаатай адилхан зүйл гэсэн байна.
Эх сурвалж: "Рамблер"
Одоогоор сэтгэгдэл алга байна