ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЭЭЛЖИТ ГАЛ АЛДУУЛАЛТ

Халуун сэдэв 3 years, 2 months өмнө

          Таван ес ид дундаа тачигнаж байхад хотын зүүн дүүрэг хөлдөх шахав. Учрыг тодруулбал Амгалан дулааны станцын цахилгаан хангамжид өчигдөр хүчдэлийн хэлбэлзэл гарсан гэх. Үүнээс үүдэн дулааны эрчим хүчний үндсэн параметрууд өөрчлөгдөж, төв магистраль шугамд ноцтой гэмтэл гарчээ. Эрчим хүч, дулааны инженер техникийн ажилтнууд цаг минуттай уралдан ажиллаж байж арайхийж шөнийн 02 цагт гэмтлийг засварлаж дуусчээ. Ахиад жаахан л хугацаа алдсан бол хотын зүүн дүүргийн айл өрх, албан байгууллагууд идэр есийн хүйтэнд тэр чигтээ хөлдөх аюултай байлаа.

          Харин ийм байдалд хүргэсэн буруутай эзнээр ажил хариуцсан албаны хүмүүс биш ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээ тодров.

          Уг нь жилийн жилд, хавраас намар хүртэл халаалт дулааны шугам хоолой сольж байгаа нэрийдлээр тарьсан мод бут, тавьсан зам талбайг юу ч үгүй хуулан там болтол эргүүлж шороо овоолон засвар хийдэг зуршилтай. Энэ хугацаанд орон сууцнуудын халуун ус ээлж дараагаар тасарч, оршин суугчдыг бухимдуулдаг гэмтэй.

          Гучин жил ингэж шороо бужигнуулж , шугам сольсон гэх авч хотын 390 км урттай шугам сүлжээний дөнгөж 30 хувийнх л ашиглалтын хугацаа дуусаагүй гэх тайлбарыг Эрчим хүчний сайд хээвнэг хэлж сууна.

          Шугам сүлжээ гэдэг хотын доорх хот. Хүнээр бол лугших судас, цохилох зүрх нь. Гэтэл хүүхдийн зулай шиг нимгэрсэн шугам сүлжээгээ хонгилын системд оруулж мега хот шиг хөгжих нь бүү хэл цоорохыг нь хүлээж хэл чимээгүй өдий хүрсэн нь чухам хэний буруу вэ.     

Хотын эрчим хүч, дулааны хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан гэдгийг мэдээд байгаа хэрнээ 5-р цахилгаан станц барих асуудлаар таг чимээгүй суудаг, Тавантолгойн цахилгаан станцаа яаравчлах тухай ямар ч үйлдэл санаачилгагүй суудаг Эрчим хүчний сайд энэ бүхэнд ямар хариулт өгөх бол оо.

 Эх үүсвэрийн төрлөө олшруулж, тархмал болгох шаардлагатай гэсэн ээлжит тайлбараар аргацааж, алдаагаа амьгүй шугам руу чихэж суух нь тэгээд салбараа мэддэг мэргэжлийн хүний амнаас гарах үг мөн үү.

Өнгөрсөн намар Улаанбаатарчууд сайжруулсан түлшний дараалалд дугаарлаж байсныг сайдтан мартаагүй байлтай. Тэр үед иргэд хэт их түлш авсанаас болж ийм дараалал үүслээ ухааны үг унагаж тавлангуй ярьж байсныг чинь иргэд бид л лав мартаагүй.  

Ид өвлөөр түрүүхэн баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр шатаж бажгадуулсан. Бас болоогүй үйлдвэрлэсэн түлшинд нь технологийн алдаа гарснаас болж хотоороо угаартах шахан уушгиа хордуулан өвөлжиж байна.

Улирал бүр Улаанбаатарын иргэдэд “урхагтай сюрприз” барьж хариуцлагаас сэмхэн “харх” шиг зугтааж  мултарч үлддэг Эрчим хүчний сайдын сар шинээр нийслэлчүүдэд барих дараагийн “бэлэг” юу байх бол гэхээс сандарч мэгдэж  байна шүү хөөрхий бидний иргэд.     

Одоогоор сэтгэгдэл алга байна