Японы Батлан Хамгаалах яамны сайд Нобуо Киси БНАСАУ далавчит пуужин амжилттай туршсан мэдээлэл батлагдах юм бол бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж түгшүүр төрүүлж болзошгүй хэмээн үзэж байна. Даваа гарагт Хойд Солонгосын Төв телеграф агентлаг далавчит пуужингийн туршилт амжилттай болсон тухай мэдээлсэн билээ. Цэргийн шинжээчид пуужингийн хөдөлгүүрийн цохилтыг хуурай газар дээр туршиж , мөн хэд хэдэн удирдамжийг хянах туршилт хийжээ. Энэ бүхэн нь бүгд амжилттай болсон тухай тэд мэдээлсэн байна. Энэхүү далавчит пуужин нь 1,5 мянган км зайд байрлах байг онох хүчин чадалтай бөгөөд шинэ зэвсэг бүтээх төслийн шаардлагыг бүрэн хангаж байна хэмээн дүгнэжээ. Хэрэв уг мэдээлэл батлагдвал бүс нутгийн энхтайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах юм. Бид АНУ , Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллаж БНАСАУ-ын цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хянах бодолтой байна гэсэн Японы Батлан Хамгаалах яамны сайдын үгийг NHK телевиз онцолжээ. Мягмар гарагийн өглөө Япон, БНСУ, АНУ-ын ахмад дипломатчид Токиод БНАСАУ-ын асуудлаар гурван талт уулзалт хийв. Уулзалтад АНУ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай элч Сунг Ким, Японы Гадаад Хэргийн яамны Ази, далайн асуудал хариуцсан газрын дарга Такахэро Фунакоси, Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн дэд сайд Нагю Док нар оролцов. Уулзалтын гол сэдэв Хойд Солонгосын пуужингийн туршилт амжилттай болсон тухай өрнөжээ. Талууд Пхеньянтай яриа хэлэлцээ хийж цөмийн зэвсэггүй болгох талаар шахалт үзүүлэх тал дээр хамтран ажиллахаар тогтсон байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна