ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

         Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. …” гэж заасан. Энэ эрхийн талаар болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлыг Хүний эрхийн дэд хороо өнгөрөгч 2021 оны арван нэгдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн билээ.

      Дэд хорооны энэхүү хуралдаанд холбогдох хууль, хяналтын байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

       Мөн арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулсан.

         Цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд иргэний жагсаал, цуглаан хийх эрхийн асуудлаар тодорхой зөрчлүүд гарсан бөгөөд иргэдээс энэ чиглэлээр ирүүлсэн гомдол, хүсэлт, өргөдлийн дагуу Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдсан байна.

      Үүнээс үүдэн цаашид жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн дагуу хийх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, одоо мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжуудыг өөрчлөх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа Ц.Мөнхцэцэг гишүүн мэдээллээ.

       Олон улсын жишгээр иргэд жагсаал, цуглаан хийх мэдэгдэл хүргүүлээд л жагсаал, цуглаанаа хийх эрх нь нээгддэг бол манайд одоо мөрдөгдөж буй хуулиар тухайн аймаг, дүүргийн Засаг дарга бүртгэж, зөвшөөрөх асуудал яригддаг.

    Тиймээс цаашид энэ төрлийн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхээр төлөвлөж буйгаа тэрбээр танилцуулсан юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна