Намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гишүүд идэвхтэй, ачаалалтай ажилласан гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн дурдав. Тухайлбал, анх удаа Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх судалгаа, тайланг Ц.Мөнх-Оргил гишүүний санаачилгаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, холбогдох ажлын хэсгийг байгуулсан болохыг тэмдэглэн хэлсэн.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг батлахад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй, тус Байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт идэвхтэй ажилласан болохыг дурдав.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх бодлогыг баримталж, идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилсон үйл явцыг онцолж болох юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль дахь олон нийтийн мэдэх эрхийг хангах, парламентын дотоод ардчиллын хүрээнд аливаа төрлийн шийдвэр гаргалтыг иргэдэд нээлттэй байлгах чиглэлд Хууль зүйн байнгын хороо бодит ажлыг хийсэн гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Алдаа, оноо, шүүмжлэл яригдаж байгаа хэдий ч парламент томилгооны үйл явц, шийдвэрээ нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангаж буйгаараа өмнөхөөсөө үлэмж дээшилсэн, дэвшилт болсон үйл явц гэдгийг хэллээ. Түүнчлэн шүүх, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллагын 2022 оны төсвийн асуудал дээр Хууль зүйн байнгын хороо онцгой анхаарал хандуулж, Засгийн газар, Сангийн яам тэргүүтэй холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, идэвхтэй ажилласны үр дүнд зохих хэмжээний дэвшилт гарсан гэдгийг танилцууллаа.
2020 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Улсын Их Хурал ээлжит чуулган бүрээрээ хүний эрхийг хангах болон авлигын эсрэг зохицуулалт бүхий эрх зүйн томоохон шинэчлэлтүүдийг хийж, холбогдох шийдвэр гаргаж байгааг Ж.Сүхбаатар гишүүн мэдээллээ.
Харин 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, авлигатай тэмцэх, шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх чиглэлд голлон анхаарч, ажилласан бөгөөд Улсын Их Хурлын удирдлагуудын зүгээс ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хамгийн өндөр ачаалалтай ажиллаж, ачааны хүндийг үүрсэн хэмээн тодотгож байсныг дурдав.
Хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудаас гадна тэр дундах үйл явц, үе шатууд нээлттэй, ил тод болсноороо нэн онцлогтой гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн тэмдэглэлээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна