Орос улс Украиныг эзлэн түрэмгийлэх шалтаг үүсгэхийн тулд өдөөн хатгасан үйлдэл хийхээр төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Оросын тусгай албаныхан Украиныг халдлагад бэлтгэж байна гэж буруутгах шалтаг олохын тулд "Хуурамч далбаа" ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдэв.
Харин Украин баасан гарагт олон арван албан ёсны цахим хуудас нь кибер халдлагад өртсөний ард Орос байна гэж буруутгав. Сайтууд офлайн болохоос өмнө Украинчуудыг "хамгийн муу зүйлд бэлдэхийг" сануулсан мессеж гарч ирж байжээ. Энэ нь хурцадмал байдлыг намжаах зорилготой АНУ-Оросын яриа хэлэлцээ хийгдсэнээс долоо хоногийн дараа болсон юм. Гэхдээ ихэнх сайт руу нэвтрэх эрхийг хэдхэн цагийн дотор сэргээжээ. АНУ болон НАТО энэ халдлагыг буруушааж, Украинд дэмжлэг үзүүлэхээ амлав. Гэхдээ энэ кибер халдлагыг Орос улс үйлдсэн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Орос болон Барууны орнууд долоо хоногийн турш яриа хэлэлцээ хийж байгаа ч дайны эрсдэл хэвээр байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби баасан гаригт сэтгүүлчдэд Оросын төлөвлөгөөний талаар хэлэхдээ "Энэ нь бидний нэрлэж заншсанаар хуурамч далбаат ажиллагаа. Үүнийг явуулахын тулд бэлтгэгдсэн тусгай ажилтнуудыг урьдчилан байршуулсан бөгөөд энэ нь Украин дахь орос хэлтэй хүмүүсийн эсрэг Украинчууд халдлага хийж буй мэтээр зориуд харагдуулах зорилготой" гэжээ. Мөн тэднийг Оросын талыг баримтлагч босогчдын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулахын тулд хот суурин газрын байлдааны ажиллагаа, тэсрэх бөмбөг ашиглаж сургасан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв. Украины Батлан хамгаалах яамнаас тусгаар тогтносон Молдавын Приднестровийн бүс нутагт байрлаж буй Оросын цэргүүдийн эсрэг үүнтэй адил төстэй ажиллагаа явуулахад бэлтгэж байна гэж мэдэгдэв.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг ямар ч ор үндэслэлгүй, ийм зүйл огт байхгүй хэмээн эрс няцаав.
Одоогоор сэтгэгдэл алга байна