НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АВАРГА ТОМ ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧ ЦУНАМИ БОЛОВ

Дэлхийд 3 years, 3 months өмнө

                            Хунга Тонга-Хунга Хаапай дэлбэрч буй агшинг хиймэл дагуулаас авсан зургууд

     Номхон далайн өмнөд хэсэгт болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас АНУ болон Япон улсад цунамийн давалгаанаас урьдчилан сэргийлэх үүднээс эрэг орчмын иргэддээ эргээс холдохыг зөвлөжээ. Япон улсын тухайд гурван метрийн өндөр давалгаа үүсч болзошгүйг сэрэмжлүүлсэн бол АНУ хүчтэй урсгал, давалгаа, эрэг орчмын үерийн аюулаас иргэдээ сэрэмжлүүлэв.

         Усан доор байсан асар том галт уулын дэлбэрэлтийн чимээ Номхон далайн өмнөд хэсэгт төдийгүй АНУ-д хүртэл сонсогдсон байна. Дэлбэрсэн галт уулаас өмнө зүгт 65 км (40 миль) зайд оршдог Тонга арлын ихэнх хэсэг үнс нурманд дарагдаж, цахилгаан, утасны шугам, интернетийн үйлчилгээ тасарчээ.

     Гамшгийн улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Хүмүүсийн олон нийтийн сүлжээнд тавьсан бичлэгээс үзэхэд сүм болон хэд хэдэн байшингууд усанд автаж байгааг харуулжээ. Гэрчүүдийн хэлж буйгаар Тонга улсын нийслэл Нукуалофагийн дээгүүр үнсэн бороо орж байна. Хүмүүс нам дор газраас машинаар зугтахыг оролдох үед замын түгжрэл үүсч байгааг олон нийтийн сүлжээн дэх бичлэгүүдэд харуулжээ.

                 Арлын оршин суугч Мере Тауфагийн хэлснээр галт уулын дэлбэрэлт гэр бүлийнхэн нь оройн хоолонд бэлдэж байх үед болсон бөгөөд дүү нь ойролцоо бөмбөг тэсэрлээ гэж бодсон байна. Шинэ Зеландын мэдээллийн Stuff.co.nz сайтад түүний "Би хар зөнгөөрөө нэг мэдэхэд ширээн доогуур нуугдаж, дүүгээ шүүрэн авч, эцэг эх болон гэрт байсан бусад хүмүүс рүү хашгирсан" гэж хэлснийг иш татжээ. Хатагтай Тауфа хүчтэй дэлбэрэлт шиг их дуу чимээний дараа гэрт нь ус урсан орж ирэхийг анзаарсан байна. Мөн хаа сайгүй аврал эрэн хашгирах чимээ, хүмүүс өндөр газар гарахын тулд амь тэмцэн орилолдохыг сонсчээ.

     Галт уулнаас агаарт цацагдсан хий, утаа, үнс нь тэнгэрт 20 км-ийн өндөрт хүрсэн гэж Тонгын геологийн алба мэдээлэв.

       Тэгвэл Японд өнгөрсөн бямба гаригийн 23:55 (GMT 14:55) цагт Кагошима мужийн Амами-Ошима арлын Коминато дүүрэгт 1.2 метрийн өндөртэй  цунами бүртгэгдсэн байна.

       Сува хотын албаныхны мэдээлснээр 8 минутын турш үргэлжилсэн галт уулын дэлбэрэлт маш хүчтэй байсан тул 800 гаруй км-ийн зайд орших Фижи аралд чимээ нь сонсогджээ. Фижи улсын Засгийн газар цунамийн аюулаас сэрэмжилж, далайн эргийн бүс нутгуудад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх төвүүдийг нээв. Номхон далайн өөр нэг арлын улс Вануату ч мөн адил анхааруулга гаргажээ.

     Окландын их сургуулийн галт уул судлаач, профессор Шейн Кронин хэлэхдээ, энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд Тонгад болсон галт уулын хамгийн том дэлбэрэлт гэв.

       Австралийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нар нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Мөн Австралийн зүүн эрэг болон Тасманийн зарим хэсэгт цунамийн аюулаас сэрэмжлүүлжээ.

        Тонгагаас 2300 гаруй км-ийн зайд оршдог Шинэ Зеландад Онцгой байдлын үндэсний агентлаг Хойд арлын хойд болон зүүн эрэг дэх эрэг орчмын газруудад "хүчтэй бөгөөд ер бусын урсгал бий болж эрэг дээр урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал" үүсч магадгүй гэж мэдэгдэв.

Одоогоор сэтгэгдэл алга байна