Омикрон хувилбарын тархалт АНУ, Их Британи, Итали, Дани ,Норвегид хамгийн өндөр хурдацтай тархаж байна.
Тухайлбал АНУ-д өдөрт 1 сая, Их Британид өдөрт 200 мянган тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Европын хүн амын 50 хувь нь энэ 01 дүгээр сар болон ирэх 02 дугаар сард халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг ДЭМБ анхааруулсан байна. Омикрон хувилбарын тухайд өмнөх хувилбаруудаас Халдварлах чадвар өссөн ч вакцинаас зайлсхийх чадвар өсөөгүй нь хүн төрөлхтөнд найдлага төрүүлж байна. Халдвараас 70-75 хувиар вакцин хамгаалж байгааг судалгаагаар тогтоосон. Гэхдээ 3 сарын дараагаас эхлэн вакцины үр нөлөө эрчимтэй буурч байгаа учраас вакцины нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байгаа юм. Манай улсын тухайд 01 дүгээр сарын сүүл 02 дугаар сарын эхээр омикрон хувилбарын давалгааны оргил үе тохиох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 69,7 хувь нь вакцины 1-р тундаа, 66,6 хувь нь 2 дугаар тундаа хамрагдсан бол харин 29,1 хувь нь 3-р тундаа хамрагдаад байна. Харин өнөөдрийн байдлаар вакцины нэмэлт 4–р тунд 10247 хүн хамрагджээ. Мөн насанд хүрэгчдийн 49 хувь нь гуравдугаар тунд хамрагдсан гэсэн мэдээтэй байна. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтыг эрчимжүүлэх, гадаад улсаас ирж буй иргэдийг 3 хоног тусгаарлаж байсныг цуцлах, гадаадаас ирэгсдийг олон улсын нисэх онгоцны буудал дээр PCR шинжилгээнд төлбөртэй хамруулах үүрэг чиглэл өгчээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна