Нейрогенез буюу тархины эсүүд үүсэх процесс нь биднийг төрөхөөс өмнө, эхийн хэвлийд байх үед явагдаж дуусдаг. Гэхдээ төрсний дараа ч тархины зарим хэсэгт шинэ эсүүд үүсэх, хуучин мэдрэлийн эсүүдийн хооронд шинэ холболт үүсэх боломжтой төдийгүй үүнийг дараах өдөр тутмын энгийн аргуудаар өдөөх буюу тархиа тэжээж, ургуулах боломжтой гэдгийг эрдэмтэд нотлоод байна.
Стресс бухимдал, хөгшрөлт, архины хэрэглээ гэх зэрэг олон сөрөг хүчин зүйлс нь тархины мэдрэлийн эсүүдийг гэмтээж, цөөрүүлэх замаар тархины үйл ажиллагааг доройтуулдаг. Гэхдээ өдөр тутмын энгийн агуудыг ашиглан тархины шинэ эс үүсэлтийг дэмжиж болно гэдгийг та мэдэх үү.
Нейрогенез буюу мэдрэлийн эсүүд үүсэх үйл явц нь биднийг төрөхөөс өмнө, эхийн хэвлийд байх үед явагддаг. Харин төрсний дараа үнэрийн булцуу болон гиппокампын хэсэгт шинэ мэдрэлийн эсүүд үүсэх боломжтой болохыг эрдэмтэд тогтоогоод байна.
Үнэрлэх булцуу нь бидний үнэрийн мэдээллийг хүлээн авч, боловсруулах гэх мэтээр үнэрлэх мэдрэхгүйг хариуцдаг бүтэц юм. Харин гиппокамп нь нь суралцах, ой санамж, сэтгэл хөдлөл болон орон зайн баримжааг зохицуулахад чухал үүрэгтэй.
Шинэ эс үүсэхээс гадна өмнө нь байсан мэдрэлийн эсүүдийн хооронд шинэ холбоо үүсэх процесс нь мөн л нейрогенезид хамаарах бөгөөд ингэж шинэ холбоо үүсэх үед тархины үйл ажиллагаа улам бүр сайжирдаг.
Дээр дурдсан тархины хэсгүүдэд мэдрэлийн эсүүд шинээр үүсэж болдог гэдгийг илрүүлсний дараа хэрхэн шинэ нейронууд үүсэлтийг идэвхжүүлэх вэ гэдгийг судлаачид ихээхэн сонирхож байлаа. Сүүлийн үеийн судалгаануудаар бидний өдөр тутмын амьдралдаа хийж болох зарим үйл ажиллагаа тархин дахь нейрогенезийг дэмждэг болохыг тогтоогоод байна.
Одоогоор хүн өдөрт ойролцоогоор 700 сая мэдрэлийн эсийг гиппокампад шинээр үүсгэх боломжтой бөгөөд энэ нь 50 нас хүрэх үедээ тархины энэ хэсгийн мэдрэлийн эсүүдийг бүрэн шинэчилж болно гэсэн үг юм. Эсрэгээрээ бид өөрсдийн тархинд шинэ нейронууд үүсэх процессыг дэмжихгүй бол цаг хугацаа өнгөрөх тус ой санамж муудах, танин мэдэхүйн чадварууд сулрах гэх мэт асуудлууд үүсэж болзошгүй юм.
Хэсэгчилсэн мацаг барих (Intermittent fasting)
2015 онд Стэнфордын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэсэгчилсэн мацаг (intermittent fasting) болон нейрогенез нь хоорондоо тодорхой хамааралтай байгааг тогтоожээ. Хоногийн тодорхой цагуудад хоол хүнсний илчлэгийг хязгаарлах маягаар мацаг барих нь мэдрэлийн эсүүдийг хооронд нь холбогч бүтэц болох синапсын үйл ажиллагааны уян хатан чанарыг нэмэгдүүлж, мэдрэлийн эсийн өсөлтийг дэмжихээс гадна мэдрэлийн эсүүд үхэж цөөрөхөд нөлөөлдөг тархины дегенератив өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Өдөр бүр 16 цагийн мацаг -Энэ нь өглөөний 8 цагаас 16 цаг хүртэл хэвийн хооллож, 16 цагаас хойш маргааш өглөөний 8 цаг хүртэл хоол идэхгүйгээр мацаг барих арга юм. Мацаг барих ихэнх цагаар унтаж байдаг тул илүү тохиромжтой арга гэж үздэг.
Долоо хоног бүрийн 24 цаг мацаг – Энэ бол долоо хоногт нэг удаа бүтэн өдрийн турш мацаг барих арга юм. Долоо хоногийн үлдсэн өдрүүдэд хэвийн хооллох боломжтой учир зарим хүмүүсийн хувьд энэ аргыг илүүд үздэг.
Шинэ газруудаар аялах
Аялал бол бараг бүх хүний хамгийн дуртай зүйлсийн нэг. Аяллын үеэр очих төрөл бүрийн байгалийн үзэсгэлэнт газрууд, шинэ туршлага, хөгжилтэй явдлууд нь мэдрэлийн эсийн хөгжлийг дэмждэг. Питтсбургийн их сургуулийн эмнэл зүйн мэдрэлийн сэтгэл судлаач Пол Нуссбаум аялал бидний тархинд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахдаа: "Та тархиа шинэлэг, төвөгтэй эсвэл шинэ нөхцөлд оруулахад тархи үүнд шууд хариу үйлдэл үзүүлдэг. Эдгээр шинэ бөгөөд сонирхолтой сорилтууд нь тархины хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл тархины эд эсийг илүү их ургаж, нахиалахыг шаарддаг. Үр дүнд нь таны тархи ширэнгэ шиг л ургах болно." гэжээ.
Хөгжим тоглож сурах
Шинэ хөгжмийн зэмсгээр тоглож сурах нь мэдрэлийн эсийн үүсэлтийг эрчимжүүлдэг. 2010 онд Харвардын судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурах үйл явцад харах, сонсох, хүрэлцэх мэдрэхгүй, гар хөлийн жижиг булчингууд гэх мэт биеийн олон эрхтнүүд оролцдог бөгөөд тархинаас маш олон шинэ ур чадвар эзэмшихийг шаарддаг. Эдгээр чадварууд нь хүний бүхий л амьдралын туршид хэзээ ч алга болдоггүйгээр барахгүй шинэ мэдрэлийн сүлжээг бий болгоход тусалдаг байна.
Шинэ хөгжмийн зэмсгийг тоглох сурах хамгийн тохиромжтой үе нь мэдээжийн хэрэг хүүхэд нас. Тус судалгаагаар хүүхэд байхдаа хөгжмийн зэмсэг тоглож сурснаар тархины зохион байгуулалтад маш их өөрчлөлт оруулдаг болохыг тогтоожээ. Хэрэв хүүхэд 7 наснаасаа өмнө хөгжмийн зэмсгээр хичээллэж эхэлсэн бол тархины хоёр хагас бөмбөлгүүд хоорондоо нь харилцах боломжийг олгодог corpus callosum хэмээх бүтэц нь илүү том байдаг байна. Гэхдээ шинэ зүйлд суралцах эхлэхэд хэзээ ч оройтдоггүй, насанд хүрсэн хойноо ч хөгжим тоглох сурах нь нейрогенезийг ижилхэн дэмждэг.
Уран зохиолын ном унших
Эмори их сургуулиас хийсэн судалгааны явцад оролцогчид уран зохиолын (уран зөгнөлт) ном уншсаны дараа тархин дахь мэдрэлийн эсүүдийн хоорондын холболтууд нэмэгдэж байгааг илрүүлсэн. Ялангуяа их биеийн мэдрэхүй болон булчингуудын хөдөлгөөнийг хянадаг тархины бүсийн идэвхжил илүү сайжирсан байна. Судалгааны багийн ахлах судлаач Грегори Бернсийн хэлснээр ихэнх тохиолдолд уран зохиолын ном уншигчид өөрийгөө зохиолын гол дүр хэмээн төсөөлдөг нь үүнд хамгийн их нөлөө үзүүлдэг байх магадлалтай ажээ. Өөрөөр хэлбэл номоор дамжуулан өөр хүний сэтгэцийн зан төлөвт шилжих чадвар нь тархины нейрогенезид ижил нөлөө үзүүлдэг байна.
Эдгээр энгийн аргуудаас өөрт тохирохыг сонгон амьдралдаа хэрэгжүүлэх нь тархины эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж, ахмад наснуудад эрүүл энх урт наслахад туслах болно.
Эх сурвалж: Stanford, Neuroscientist, Brain Connectivity
Одоогоор сэтгэгдэл алга байна