Улс төрд шинэ үеийнхэн түрж байна. Энэ түрлэгээс айсан АН-ын алтан хараацайнууд үүрэндээ үлдэх гэж “хар хэрээ” шиг “гуаглалдах” зуур МАН-ын бурхинууд “дош”-ныхоо амсар луу хэдэн мөндөлөө түлхчихээд тав алдаж, тарга гээхгүй “ичих” догь арга сэдсэн шигээ өвөлжиж байна.
Үгнээс нь гардаггүй гэнэн хэдэн мөндөл хөөрч нүхнээсээ цухуйгаад буудуулж “бурхи”-нуудын бахыг хангана.
МАН-ын хөгшчүүл өнгөн дээрээ улс төрөөс нэг алхам ухарсан дүр үзүүлээд угтаа бол бүр уган дээр нь суугаад авцгаав.
Одоогоос арван хэдэн жилийн тэртээ “Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй” хэмээн цэцэрхэж асан Цэндийн Нямдорж харин ч бүр Засгийн газрын гоцлооч болчихсон солгой хоолойгоор “хошгирч” байх нь тохуутай.
“Цаг нь болохоор би үнэнийг хэлнэ” гэж шударгын дүрд гарамгай тоглосоор чилийсэн 30 жилийг элээсэн тэрээр сайд нарын сайд, “сайн төрийн саад” болсон карьераа болж өгвөл “Улсын Ерөнхий Барьхорь”, болохгүй бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр өндөрлөж байж санаа нь цадах шинжтэй дэг.
Уг нь аль хэдийнэ 66 нас сүүдэр зооглосон түүний хувьд үеийнхэн шигээ эрүүл агаарт, зуслангийнхаа “зурагтгүй амбаар”-т өнгөрсөнөө эргэцүүлж тунгаасан шигээ өвөлжвөл өнөөх “лайвын буг” Д.Мөнх-Эрдэнэ шиг хэн л дрон нисгэж өдөөд байв гэж дээ.
“Титэм үг” тэрлэдэг хэрнээ “Титэм үг”-нээсээ тэрсэж амьдарсан нэг хөгшин бас бий.
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан түүний хувьд Монголдоо байтугай төрөлх нутаг Завхандаа байгуулсан гавьяа байхгүй.
Алтан бүс зүүсэн ч адын шунал нь арилаагүй түүнд Ардын нам өртэй юм шиг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүний алба тушаалыг мөнхийн шагнал болгоод бэлэглэчихсэн. Уг нь тэр Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж суугаа ч цаг үргэлж” хоноцын сэтгэлээр” хандаж, ил уурхайн зардал ТЭЗҮ-д тусгаснаас хэдэн тэрбумаар даваад байхад ч, Монгол улсыг хорин хэдэн тэрбум ам долларын өрд оруулах хорлонт Дубайн гэрээ байгуулагдахад ч титэм үг байтугай тэлээний үг гаргалгүй ус балгасан мэт чимээгүй суусан 72 настан.
2017 онд У.Хүрэлсүхийг намын даргаа авч, Ерөнхий сайд болоход “Гал мэт дүрэлз” гэж ганц магтаалын ил захидал илгээнгээ далимд нь “...анх чамайг Намын Төв Хороонд ажилд авсан ачтан...” чинь би шүү гэдгээ аятайхан гээч нь найруулан сануулсан түүний бичгийн эрдмийг биширмээр. Энэ үгийнх нь хүчинд өнөөдөр Монгол улс, монголын төр түүнд үүрдийн өртэй юм шиг бөхийж, титэм үгтэн харин алтан бүсээ гайхуулан язгууртан царайлан ярвайх...
Өнөөдөр Монгол улсын дипломат бодлого хойд хөршийн Шадар сайд, урд айлын Эрээн боомтын захирагчид мэдүүлэх хүртлээ шалдаа унасан. Юм л бол хил боомтоо хаалгаж, түлш шатахуунаар барьцаалуулж, уулзах бүртээ буулт хийдэг унхиагүй байдалтай болсон. Үүний цаад шалтгаан нь урд хөршдөө Элчингээр нэг “гал сөнөөгч”, хойд хөршдөө нэг “Өвгөн жигүүр” суулгаснаас үүдэлтэй гэлцэх.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал бидний хүссэн үр дүнд хүрээгүй нь айлчлалын бэлтгэлийг урьдчилан хангаж, айл хөрштэй ам үгээ ололцох учиртай ГХЯ, тус улсад суугаа Элчин сайдын урагшгүйнх гэхэд болно. Уг нь монгол төр ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинг Монгол Оросын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бөхлөөд ир гэсэн болохоос биш залуу эхнэртэйгээ жаргаж байгаад ирээрэй гэж Москва явуулаагүй байлтай.
Түүнийг Шадар сайдаар ажиллаж байхдаа цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг дүр эсгэсэн байдлаар дутуу дулимаг хийснээс үүдэн өнөөдөр 2 мянга давсан хүн эрсдэх урьдач нөхцөл үүссэн гэж шүүмжлэгсэд ч бий. Гэтэл хариуцлагагүй ажилласан Шадар сайдыг 64 насных нь ойн дээр Элчин сайдын албаар, тэр тусмаа манай улсын хувьд хамгийн онцгой ач холбогдолтой хойд хөршид суух тэргүүн дипломатаар томилсон нь арилгасан сонгино шиг мань өвгөнөөс болж “ах нарын занганд” орох гарзын үүдийг нээсэн ч байж мэдэх юм.
Монгол төрийн дархан түшээ гэгддэг Д.Дэмбэрэл гуай өдгөө нас сүүдэр 82 хүрсэн ч “Монгол төрийн дархан тушаа” болохоор нэгэнт шуударсан бололтой. 2012 онд УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс буунгуутаа Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл гээд аль л өндөр цалинтай , өргөн мэдэлтэй албан тушаалуудыг давхар давхраар нь хашсан. Гэтэл саяхан тэрээр Монголын төмөр зам ТӨХК-д бас нэгэн зөөлөн суудалд тухалсан сурагтай. МАН-ын хөгшчүүлд төрийн хууль хамаагүй, тэтгэврийн нас бүүр ч хамаагүй гэдгийг бодит биеэрээ батлан харуулж буй түүнээс улс оронд хэрэг болчих шийдтэй шинэ зүйл хүлээх нь дэмий хэрэг.
МАН-ын дархлагдсан бурхинуудын магнайд Н.Жанцан гуай зүй ёсоор бичигдэнэ.Үндсэн хуулийн цэцэд насаараа ажилласан түүнийг энэ шинэ Үндсэн хуулийн өдөр Монгол улсын баатар цолоор шагнах сураг дуулдана лээ.
Цусан гавьяанд олгодог асан баатар цол өнөө цагийн өнгөн дээр үнээ алдаж МАН-д “нууцаар зөвлөж”, дээр нь Сүхбаатар аймагт төрж, дүү улс төрчдөд хов зөөсөн “нусан гавьяа” байгуулсан байхад л болзол хангах хэмжээнд очиж хямдарсан бололтой. Угаас шагналын нэр хүнд унасан энэ үед түүний “Баатар” болно уу, “Барон” болно уу хамаа ч алга.
Харин насаараа шахуу хадаатай байсан Үндсэн хуулийн цэцээс хуулийн шаардлагаар аргагүйн эрхэнд ховхронгуутаа МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд шалз шиг наалдаж олон нийтийн телевизийн бодлогыг далдаас удирдан чиглүүлэгч “нууц ноён”-тон болсон нь эрүүл сэтгүүл зүйг эрхэмлэгч хэн бүхний эгдүү дургүйг зэрэг хүргэж байна. Олон нийтийн телевизийн бодлогоор шатар нүүж, МАН-ын хүүг “бэрс” болгож, АН-ын ноёныг “золиг”-т гаргах өвгөн бурхины нүүдэл олон нийтийн мэдэх эрхэнд халгаатай байгааг сануулах юун. Өдгөө 74 нас сүүдэр хүрсэн түүнд дарууханаар “баатар” цолоо зүүгээд, олон нийтийн телевизийг орхивол талархах хүн олонсон.
Энэ мэт хэдэн хөгшчүүл залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй ирж яваа цагийн дууг харьж яваа өнгөөр хашгиран дуулалдах. Өнөө ШИНЭ ЭРГЭЛТ хийх гээд хурдаа нэмэн буй дараа үеийнхэн нь энэ хэдэн хуучин дугуйнуудтайгаа ЭРГЭЛТ хийвэл улс төрийн тойруулга дээр унаж онхолдох эрсдэлээс өөр юу ч харагдахгүй байна.
“Тал нутгийн .....БИ”-нүүдээсээ салаагүй цагт МАН шинэчлэгджээ гэж бодох нь эндүүрэл бололтой.
Эгээ л нөгөө эхэлж нүхнээсээ цухуйх хэдэн мөндөлнүүдээ өмнөөсөө түлхэж буудуулчихаад өөрсдөө мэнд мултрах хөгшин бурхинуудын үлгэр мэт...
Одоогоор сэтгэгдэл алга байна