ЭНЭТХЭГТ КОВИДЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭН ТУЛ ДЕЛИ ХОТОД ХӨЛ ХОРИО ТОГТООЖЭЭ

Дэлхийд 3 years, 3 months өмнө

Энэтхэгийн хамгийн том хотууд болох нийслэл Дели болон санхүүгийн төв Мумбай хотод халдварын тоо нэмэгдэж байгаа тул коронавирусний гурав дахь давалгаанд бэлдэж байна. Лхагва гарагт Энэтхэгт 58,097 тохиолдол бүртгэгдсэн нь долоохон хоногийн дотор зургаа дахин өссөн гэсэн үг юм. Энэ нь Omicron хувилбараас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эдгээр халдварын бараг гуравны нэг нь Дели, Мумбай хотод гарсан байна. Хоёр хот хоёулаа вирусний тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоожээ. Энэтхэгийн вакцины ажлын хэсгийн ахлагч, доктор Н.К.Арора даваа гарагт NDTV-д хэлэхдээ, тахлын гурав дахь давалгаа тус улсад аль хэдийн эхэлчихсэн байгаа бөгөөд "энэ удаагийн давалгаанд шинэ хувилбар зонхилж байх шиг байна " гэж хэлсэн юм. Тус улсад Омикроны 2,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын тохиолдлоор Мумбай төвтэй Махараштра муж (653) тэргүүлж, Дели (464) удаалж байна. Дели дэх Энэтхэгийн томоохон эмнэлгүүдийн нэг болох Бүх Энэтхэгийн Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэн (AIIMS) эмч нарт өгөх өвлийн амралтаа цуцалжээ. Өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй халдвар нь Энэтхэгт өнгөрсөн оны 4, 5-р сард тохиолдсон сүйрлийн хоёр дахь давалгаа буюу хямралын оргил үед өдөрт дунджаар 400,000 тохиолдол бүртгэгдэж байсныг эргэн сануулж байна. Тухайн үед улс даяар эмнэлгүүд ор, хүний амь аврах хүчилтөрөгчгүй болж, цогцос чандарлах газар ачаалалдаа дарагдаж, хүмүүсийг задгай талбайд бөөнөөр нь оршуулахаас өөр аргагүйд хүрч байсан билээ. Энэтхэгт өнөөг хүртэл коронавирусний 34 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 482,000 хүн нас барсан гэж мэдээлсэн ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бодит тоо нь илүү өндөр байж магадгүй юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна