Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал хүчирхийлэл болж хувирсны дараа Казахстаны Ерөнхийлөгч тус улсын зарим хэсэгт 14 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа. Тус улсын хэд хэдэн газарт нэгэн зэрэг томоохон жагсаал цуглаан болсон юм. Тухайлбал Казахстан улсын хамгийн том хот болох Алматы хотод эсэргүүцлийн жагсаал хурцдан гудамжинд машинуудыг шатаасны дараа цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гаргаж, Засгийн газрыг огцруулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тус улсын Шадар сайд Алихан Смайловыг түр хугацаагаар шинэ Ерөнхий сайдаар томилжээ. Мягмар гарагт Ерөнхийлөгч үг хэлэхдээ, “Жагсагчид Засгийн газрын байр руу дайрсан нь хууль зөрчсөн үйлдэл” гэжээ. Тэрээр Алматы болон баруун хэсгийн Мангистау мужид онц байдал зарласан байна. Энэ дагуу урд шөнөөс эхлэн хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалт хийхийг хориглосон байна. Газрын тосоор нэн баялаг тус улсын эрх баригчид автомашинд хэрэглэдэг шингэрүүлсэн хийн үнийн дээд хязгаарыг цуцалсан нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд хүргэж, улмаар үүнээс үүдэн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна. Мягмар гарагийн орой Алматы хотод хэдэн мянган жагсагчид оролцсон мөргөлдөөний үеэр цагдаа нар шархадсан гэж Франс Пресс агентлаг мэдээлэв. Мөн орон даяар интернэт тасарсан гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгч Токаев өчигдөр орой твиттер хуудсандаа "улс орны тогтвортой байдлыг хангахын тулд" шатахууны үнийг бууруулна гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев 2019 онд албан тушаалаасаа огцрох хүртлээ улс орноо ямар ч маргаан тэмцэлгүй удирдаж байсан юм. Гэхдээ түүний өөрийн залгамжлагчаараа сонгосон Ерөнхийлөгч Токаев 2019 онд ээлжит бус сонгуулиар сонгогдсоныг олон улсын зүгээс шүүмжилдэг билээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна