УЛС ТӨР БА БОДЛОГО: ХЯТАД УЛС УСГҮЙ БОЛЖ БУЙ НЬ АЗИЙН ХУВЬД ТҮГШҮҮР

Дэлхийд 3 years, 3 months өмнө

Бээжингийн тулгамдсан асуудлын дотроос хүн амын хөгшрөлт, улс төрийн боомилсон уур амьсгал, байгалийн нөөцийн хомсдолоос үүдэлтэй эдийн засгийн өсөлт саармагжих зэрэг нь хамгийн тулгамдсан асуудал болж болзошгүй байна.

Гол горхи болон хувирч буй нь. Эх сурвалж: AFP/Getty Images

Түүхч Жеффри Паркер 17-р зууны дэлхийн хямралын үеэр цаг агаарын өөрчлөлт нь дайн, хувьсгал, үймээн самууныг өдөөсөн гэж үздэг. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт нь Арктикт худалдааны шинэ зам, нөөц, өрсөлдөөнийг бий болгож байна. Тэгвэл энэ цаг үед олон улсын тогтолцоог өөрчлөн эмх цэгцтэй болгохыг эрмэлздэг том гүрэн болох Хятад улс усны хомсдолд орж, дотоод болон гадаадад мөргөлдөөн үүсгэх магадлалтай байна. Байгалийн баялаг нь эдийн засаг болон дэлхийн хүчний тэнцвэрт хэзээд чухал нөлөөтэй байсаар ирсэн. Тухайлбал 19-р зуунд энгийн нэг жижиг улс болох Их Британид нүүрсний арвин нөөц нь аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлэх боломжийг олгосон учраас л тэд бусдаас түрүүлж хөгжсөн түүхтэй. Их Британи тариалангийн талбай, асар их газрын тосны нөөц болон бусад нөөц баялгаа ашиглаж эдийн засгийн титан болсон АНУ-ыг гүйцэж түрүүлсэн юм. Хятадын өсөлтийн хувьд ч үүнтэй тун адил төстэй.  1970-аад оны сүүлээс 2000-аад оны эхэн үе хүртэл Бээжингийн эдийн засгийн өсөлтийг хурдацтай нэмэгдүүлэхэд капиталист шинэчлэл, дэлхийн худалдааны таатай тогтолцоо, хүн ам зүйн цонх үе бүгд эерэгээр нөлөөлсөн. Хятад улс газар, ус, олон түүхий эдээр өөрийгөө бараг бүрэн хангадаг байсан бөгөөд хямд ажиллах хүч нь эдгээр нөөцийг эрчимтэй ашиглах боломжийг олгосон юм. Энэ нь тус улсыг дэлхийн үйлдвэрлэлийн төв болоход тусалсан билээ. Гэсэн хэдий ч Хятадын тэрхүү байгалийн арвин баялаг нөөц нь өдгөө өнгөрсөн цаг үед яригдаж байгаа юм. Майкл Бекли бид хоёр удахгүй гарах "Аюултай бүс" номондоо маргаж байгаачлан Бээжин өөрийн нөөц бололцоогоо бараг шавхаж дууссан. Ганцхан жишээ хэлэхэд арван жилийн өмнөөс Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том импортлогч болсон. Тариалангийн талбай нь доройтож, хэт ашиглалтаас болж улам бүр багасч байна. Гайхалтай хөгжил нь Хятад улсыг дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч болгосон. Америк эрчим хүчний цэвэр экспортлогч болсон энэ үед тэд хэрэгцээт газрын тосныхоо дөрөвний гурвыг гадаадаас худалдан авч байна.

Ялангуяа Хятадын усны байдал тун хүнд байна. Гопал Реддигийн тэмдэглэснээр Хятад улс дэлхийн хүн амын 20%-ийг бүрдүүлж байгаа ч дэлхийн цэвэр усны дөнгөж 7%-ийг эзэмшдэг. Бүхэл бүтэн бүс нутаг, ялангуяа хойд хэсэг дэх усны хомсдол нь Ойрхи Дорнодын хуурайшилтаас ч дор нөхцөл байдлыг үүсгэж байна. Мянга мянган гол мөрөн ширгэж, үйлдвэржилт, бохирдол нь үлдсэн жаахан усны ихэнх хэсгийг бохирдуулав. Зарим тооцоогоор Хятадын гүний усны 80-90%, гол мөрний усны тал хувь нь уухад хэтэрхий бохир байдаг; газрын доорх усны талаас илүү хувь, гол мөрний усны дөрөвний нэгийг аж үйлдвэр, газар тариаланд ашиглах боломжгүй ажээ. Энэ бол Хятадын хувьд хэтэрхий үнэтэй асуудал юм. Хятад улс харьцангуй чийглэг бүс нутгаас усыг ган гачигт нэрвэгдсэн хойд зүг рүү шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч байна; Усны хомсдолоос болж тус улс жил бүр 100 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг гэж шинжээчид дүгнэдэг. Газар тариалангийн үйлдвэрлэлээс болж  их хэмжээний газар нутгийг цөлжүүлж байна. Устай холбоотой эрчим хүчний хомсдол ч улс орон даяар түгээмэл болжээ. Засгийн газар усны хэмнэлтийг сайжруулах бодлого баримталж буй ч энэ нь үнэндээ асуудлыг шийдвэрлэхэд тун хангалтгүй байгаа юм. Саяхан л гэхэд Хятадын эрх баригчид харьцангуй усаар баялаг Сувдан голын бэлчирт орших хоёр томоохон хот болох Гуанжоу, Шэньжэнь хот ирэх жил хүчтэй гантай нүүр тулна гэж мэдэгдэв.

 

Эх сурвалж:  Блүүмберг Хэл Брэндс

Одоогоор сэтгэгдэл алга байна