О.ЦОГТГЭРЭЛ: Д.ГАНБАТЫГ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААС ОГЦРУУЛСАН

Халуун сэдэв 3 years, 3 months өмнө

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийв. Энэ ХБХ-д УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Ганбаатар,Б.Бейсен, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа, Ц.Туваан нарын 8 гишүүн оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл  УИХ дахь АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулсан шийдвэр хүчинтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрээр “АН-ын бүлгийн тухайд та бүхэн тодорхой мэдээлэл хүсч байгаа байх. Энд АН-ын бүлгийн найм есөн гишүүн зогсож байна. Зарим нэг нь гадаадад явж байгаа. Бид нартай санаа бодлоо солилцоод нэгдмэл байгаа. Зарим нэг нь эмнэлэгт хэвтэж байгаа. Тэгэхдээ яг өнөөдөр өнгөрсөн жилйн төгсгөлөөр бид нар бас намын дотоод асуудал шийдэгдэх хүртэл дотоод асуудлаа олон нийтэд мэдээлж яах вэ, дотооддоо учраа олъё гэдэг байдлаар явж ирсэн. Гэхдээ өнгөрсөн оны төгсгөлд, аравдугаар сарын байдлаар АН-ын бүлгийн дарга гэгдэж байгаа Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулсан шийдвэрийг гаргасан. Ер нь УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн дарга гэдэг албан тушаал дотооддоо бүлгийн гишүүдийн ердийн олонхоор шийдэж явдаг ийм л дүрэмтэй журамтай, хуультай албан тушаал. Тэгэхээр АН-ын бүлэг цаашид ерийн олонх дээрээ тулгуурлаад хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Бас энэ олонхийнхоо, олон нийтийнхээ шийдвэрийг хүндэтгэлтэй хандана гэдэгт Д.Ганбат даргад бид бүгдийн зүгээс итгэж найдаж байгаа. Дараа дараагийн үйл ажиллагаан дээр нэгдээд, санаа бодлоо нэгтгээд , хууль дүрэм журмаа хүндэтгээд ажиллана гэдэгт , ёс зүйгээ хүндэтгээд ажиллана байхаа гэдэгт бид бүгд итгэж байгаа” гэв.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  өнгөрөгч оны 10 дугаар сарын 18-нд хийсэн ХБХ-ын үеэр “Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 27, 28 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нар нь Ардчилсан намын дүрмийн 3.9.1.15, 3.9.1.18, 3.9.1.20  заалтууд болон дүрмийн 6.2, 2.4, 6.2.6 заалтуудыг зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсныг тогтоож, үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байна лээ. Манай Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болж байна. Гурван гишүүн дөрвөн жилийн хугацаатай сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдсан. Нэгэнт гарсан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Би намын гишүүдийг хөөх эрхтэй хүн биш. Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой гурван шатны шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан юм билээ. Одоо намын удирдлага нэг чигт орсон гэж ойлгосон” хэмээн мэдэгдэж байсан юм.

Яг тэр өдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дээрх асуудлыг авч хэлэлцсэн байдаг. Энэ тухайд тухайн өдөр өөрийгөө УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсон гэж мэдэгдсэн УИХ-ын гишүүн Н.Ганибал хэлэхдээ “УИХ-ын "Бүлгийн хурлаас албажсан шийдвэр гарсан. УИХ-ын тухай хуулийн 31 дэхь зүйлийн 31.3, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 5.2, 5.6 дахь хэсгийг үндэслэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг бүлгийн дэд дарга Н.Ганибал хариуцахаар боллоо. Хуралд оролцсон гишүүдийн 60 хувь нь гарын үсгээ зурсан. УИХ-ын тухай хуульд УИХ дахь эвслийн бүлэг гэдгийг тодорхой заасан. Энэ заалтууд дотор гишүүн УИХ-ын бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг тодорхой заасан байдаг. УИХ-ын гишүүн зөвхөн өөрийн хүсэлтээр тухайн бүлгээс гарч болно" гэж мэдэгдэж байсан билээ..

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Хэд, хэдэн гишүүдийг намаас хөөж байгаа үйл явдал хэрээс хэтэрлээ. Зохион байгуулалттай үйл явдал болж байна. Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын гишүүнийг намаас хөөлөө гэж яригдаж байгаа. Энэ үйл явц бүхэн арванэгдүгээр сарын 5-нд болох АН-ын эв нэгдлийн хурлыг зохион байгуулахгүйгээр хагалан бутаргах ажиллагаа явуулж байна. Үүнд Д.Ганбат гишүүн оролцож байгаа" гэж хэлж байсан юм.

Ийнхүү хоёр хуваагдаад байгаа АН-ын УИХ дахь бүлгийн дарга нь Д.Ганбат мөн үү , биш үү гэдэг асуудал дахин сөхөгдлөө.  

Одоогоор сэтгэгдэл алга байна