Социализм нуран унасан өнгөрсөн 30 жилд “Орос ах” нар “дээлтэй дүү” гээ бараг таг мартаад байсан юм. Энэ нь ч монголчуудын хувьд эз гэхээсээ илүү аз түшсэн хэрэг байлаа.
Юм бүхнийг “ах”-аасаа асууж шийддэг асан 70 жилийн улигт зуршлаас салж “барын сүүл байснаас батганы толгой” байх нь хавь илүү болохыг, “Бусдын эрхэнд жаргахаас өөрийн эрхээр зовох” нь хамаагүй сайхан гэдгийг бултаараа амсав.
Харин сүүлийн жилүүдэд НАТО-той ам мурийж, хэзээнээс гол зах зээл нь байсаар ирсэн Европд илт ганцаардах болсон хойд айл хаяа залган суугаа 16 хөршөөсөө Хятадтай хамгийн их дотночлох болсон нь ерийн хэрэг биш.
Басхүү Азийн ардчиллын баянбүрд гэгдэх болсон Монголыг үл хайхрах нь өөрсдийнхөө нөлөөг үгүйсгэсэн том алдаа болсныг гэнэт ухаарав.
Тэднийг “их зан” гаргаж байх хооронд “дүү хүү” хэрдээ өсөж том болж, бас юм үзэж нүд тайлсан нь эгдүүг нь багагүй хүргээд авав.
Том жижиг алив асуудлыг асуух нь бүү хэл өөрсдөө толгой мэдэн шийдэж тог цахилгаан, түлш шатахуун, уурхай орд, зам харгуй, хил боомтын том төслүүд хэрэгжүүлж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь урьдын дуулгавартай ноомой монгол огтоос өөр болсныг харуулах нь тэр.
Үргэлж жаахнаараа байх юм шиг санаж явсан бяцхан нөхөр гэнэт дэнхийсэнд цочсондоо эрчим хүчний “аргамжаагаа” дугтарч нэг үзэв, шатахууны “уяа” -гаараа боомилж нэг сорив. Тэглээ ч энэ уяа аргамж нь урьдынх шигээ чанга бөх биш болж хэзээ мөдгүй тасарч унахаар хэврэгшиж үжирч муудсаныг ойлголгүй л яахав.
“Эр өсөж эсгий сунах”-ын хэрээр “ах”-ыг санан дурсаж, шүтэн дээдлэгсэд Монголд цөөрч, “англи хэлний цонх”-оор ертөнцийг бүхэлд нь харах болсныг ч тэд анзаарлаа.
Ерөөсөө л зөрүүд монгол золигийн англи хэлнээс болж “ахыгаа алд байтугай сантиметр ч хүндлэхээ байсанд” адгах нь тэр.
Үүнийгээ ч Монгол Улсын Ерөнхийлегч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ил цагаан илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнкийлөгч У.Хүрэлсух ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай Төрийн Думын байранд нь уулзсан байдаг. Эл уулзалтад. Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Т.Доржханд, Д.Өнөрболор, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч В.Золбаяр, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Болор, хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Билэгзаяа, Оросын талаас Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, А.М.Бабаков, Ш.В.Караол, Терийн Думын Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Л.Э.Слуцкий, Төрийн Думын Соёлын байнгын хорооны дарга Е.А.Ямпогьская нар байлцжээ.
Яг энэ уулзалтын үеэр Оросын тал “Орос маягийн тулган шаардалт”-аа манай төлөөлөгчдөд тунчиг дипломат байдлаар илэрхийлжээ.
Монгол Улсын нийт гадаад худалдааны ердөө 12 хувийг эзэлдэг, жилдээ 2 тэрбум хүрэхгүй ам долларын худалдаа хийдгийнх нь ихэнх нь Монголд нийлүүлдэг түлш шатахуун байдаг, тэгсэн атлаа “дүүгийн хийсэн” жижиг сажиг бараа бүтээгдэхүүнд дэлхийд байхгүй өндөр 40-60 хувийн татвар тариф тавьдаг хойд хөрш хуучных шигээ “дүүгээ ивээлдээ байлгах”-д төрөлх орос хэл нь монголчуудыг барьж байх “оюун санааны дөнгө” байсныг хожуу ухаарсан ч оройтохгүй гэж үзсэн бололтой.
Өнгөрсөн хугацаанд 60 гаруй мянган монгол залyyс “хуучин ЗХУ”, одоогийн ОХУ-д боловсрол эзэмшсэн ч өдгөөтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын үеэр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга ноён В.В.Володины хэлсэн үг өөрийн эрхгүй анхаарал татна. Тэрээр “...Миний бодлоор зөвхөн xyдалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа тухайн үеийн нөхцөл байдлаас их хамаардаг бол тоггвортой боловсрол, хүмүүнлэгийн харилцаа бусад салбарын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг гэдэгт итгэлтэй байна. ИЙМД МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ҮНДСЭН ГАДААД ХЭЛ АНГЛИ ХЭЛ БАЙХЫГ ӨӨРЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ТАНААС ХҮСЬЕ. ГАДААД ХЭЛНИЙ АСУУДЛЫГ МОНГОЛ, ОРОСЫН АРД ТУМЭН ХАРИЛЦАН АШИГТАЙ БАЙДЛААР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА” гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татна.
Үүний хариуд Ерөнхийлөгч У.Хүрэлсух харин эвтэйхэн хариулт өгөөд “орос маягийн тулган шаардалт”-аас эвлэгхэн зайлсхийж чадсан нь сайн хэрэг.
Тэрээр “Орос хэлтэй холбоотой зарим ташаа ойлголт үүсэхээс сэргийлж дараах мэдээллийг өгье. Монголчуудад Орос хэлийг сурах хүсэл, эрмэлзэл одоог хүртэл байдаг. Монгол судлалыг ОХУ-д, Орос судлалыг Монгол Улсад хөгжүүлэх талаар Ерөнхийлөгч В.В.Пyтинтай ярилцсан, энэ асуудлыг Хамтарсан тунхаглалд ч мвн тусгасан. Энэ xyрээнд Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сурryуль байгуулах ажил их чухал юм” гээд өнгөрүүлжээ.
Өөрөөр хэлбэл “Иван” монголчуудын судлах үндсэн гадаад хэлийг Боловсролын хуулиар зөвхөн Орос хэл байхыг тулгахад “Шороотын Цэвээн” түүнийг нь зүгээр орос хэлний сургалттай ганц нэг сургууль нэмж байгуулаад зохицуулах монгол ухаанаар давсан хэрэг.
“Шар ах” гуай “Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ” гэсэн эзэн Чингис хааны сургаалыг үр садад нь хэрэгжүүлэх санаа цухалзуулсан ч энэ удаад арай л бүтсэнгүй.
Монголчуудын хувьд ч хөршүүдтэйгээ дайсагналцах, аль эсхүл сүжрэн тэврэлдэхийн аль алин нь угаас шал дэмий зүйл.
Харилцан ашигтай, эв найртай, эн тэнцүү хамтын ажиллагаа л чухал болохоос байгаа бүхнээ ах эгчид тавиад туудаг “гэнэн дүү” байваас улс амьтан наанаа өхөөрдөж, цаанаа “тэнэгээр нь дуудан шоололдох нь” бас л гашуун үнэн.
Үндэстний, бас үндэсний эрх ашиг ярихаар нэгийгээ Оросын, эсхүл Хятадын гар хөл мэтээр хардан “тамын тогооны” царайлдагаа түр азнаж, “ходоод хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэдгийг марталгүй санагтун.
Тулгалт үүрд байсан, цаашид ч байсаар л байх болно, харин тэр болгонд бидний ээлж иртэл туугдаад явах хүч оюунгүй л байж болохгүй. Бид чинь ямар дээдийн үрс билээ дээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна