МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ДЭВШҮҮЛСЭН “100 ЖИЛ – 10 ЗОРИЛТ” ХӨГЖЛИЙН САНААЧИЛГА
Чухал мэдээ
3 years, 8 months өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ “100 ЖИЛ – 10 ЗОРИЛТ” ХӨГЖЛИЙН САНААЧИЛГАА танилцуулсан юм. Үүнд:
- Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох;
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
- Хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
- Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар “Транзит Монгол Улс” болж хөгжих;
- Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох;
- Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
- Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
- Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
- Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр засагтай “Ногоон Монгол” болох зэрэг зорилтууд болно.
Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж Монгол Улсын төрийн тэргүүн үзэж байна.