ХЭН БУЦАЖ, ХАРИН ХЭН ИРЭХ ВЭ ?

Халуун сэдэв 3 years, 4 months өмнө

ЗАМ ТЭЭВРИЙН ЗАЛУУР ДЭЭР ХЭН СУУХ ВЭ

          Энэ засагт мэнгэ нь голлосон хэдэн сайд байдгийн нэг нь Л.Халтар. Хамгийн өндөр рейтингтэй сайдаас нэр хүнд нь тувт уруудсаар өнөөдөртэй золгосон азгүй нэгэн. Анх түүнийг сайдаар томилогдоход салбараасаа төрсөн мэргэжлийн сайд гэдэг утгаар нь нийгэм бараг тэр чигтээ талархан хүлээн авч байв. Улс төрч бус сайд арай л өөр арга барилаар ажиллах байх гэсэн хүлээлт их байлаа. Даанч өнөө гайтай хөөтэй Дарханы замаас болж нэр хүнд нь унасан. Уг нь Дарханы замын асуудал өмнөх сайд Б.Энх-Амгалангийн үед эхэлж, “Уулын буга үзээд унасан бухаа тавина” гэдэг шиг 1 км ч зам бариагүй байхдаа хуучин замыг хуугаар нь хуулж хаяснаас болж шинэ ч үгүй, хуучин ч үгүй болж хамаг амьтны хараалыг барсаар өдий хүрсэн. Эрхэм сайдын хэлж буйгаар бол бид ирэх жилийн өдийд ямар ч байсан Дарханыхаа замаар инээгээд хөтлөлцөөд алхацгаах бололтой юм билээ. Уг нь хүмүүс Дарханы замаар алхахыг биш давхихыг л хүлээгээд байгаа болохоор сайдын энэ саваагүй гэмээр сул үгийг олонх нь уурсаж унтууцаж хүлээн авсан. Гэхдээ алхдагсанж уу, гүйдэгсэнжүү, үгүй бүр аз ивээгээд бүгдээрээ машин тэрэгтэйгээ давхидагсанжуу зам дуусч ашиглалтад орж л байвал болох нь тэр.

Тэрний гаргасан 3 алдаа

Нэгдүгээрт цар тахлаас үүдэн Тянжинь боомт, Эрээнд ачаа тээвэр, чингэлэгийн гацаа үүсч тээврийн өртөг 10 дахин өсч импортод түгжрэл үүсгэсэн.

 

Хоёрдугаарт ачаа тээврээс гацалтаас эм, эмнэлэгийн хэрэгсэл, натри гэх мэт бараа тасарч өвчнүүдээ төлөвлөгөөт тарилга тасалдах болсон.

 

Гуравдугаарт хил хаасантай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн 22%-126% өссөн нь түүнтэй шууд холбоотой.

      Үүний хариуцлагыг гадаад худалдааг хариуцдагаараа Гадаад хэргийн сайд, боомтын асуудал эрхэлдэгээрээ Шадар сайд, тээврийн асуудал мэддэгээрээ Зам тээврийн сайд өөр хоорондоо бөмбөг шиг шидэлцсэн ч эцсийн бүлэгт үйлтэйгээрээ мань хүний толгой дээр ихэнх ачаа бууж, чадахгүй бол ажлаа өгөөрэй гэх хатуу үгийг Засгийн тэргүүнээс сонсож тархин дундуураа аянга татуулаад авсан удаатай. Уг нь мэргэжлийн сайд гэвч мэнгэ нь голлосон мэт ажил нь удаа дараа бүтэлгүйтэж өдий хүрсэн тул одоо түүнийг засагт аргамжих аргамжаа алдуурчихсан гэхэд болно.   


УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Мөнгөтэй бэлтэй, хөрөнгөтэй чинээтэй эл эрхэм УИХ дээр тэр бүр дуугараад байдаггүй. Эндээс үзэхэд Монголын төмрийн хүдрийг атгасан тэрээр гишүүний алба тушаалыг бизнесийнхээ хамгаалалт болгодог ч юмуу гэмээр харагддаг. Хуучин шинэ Ерөнхийлөгч нарын аль алинд нь тал алдаагүй өдийг хүрсэн түүнд Зам тээврийн сайд болох далдын хүсэл байж болох талтай. Учир нь төмрийн хүдрээ тээвэрлэх зориулалтаар хэдэн зуугаар тоологдох вагонтой, түүнийгээ зарим үед УБТЗ-д түрээслэх унацтай бизнестэй гэлцэх. Түүний хувьд ирээдүйд баригдах олон төмөр замын төсөлд хөрөнгө оруулж Америкийн төмөр замын эцэг гэгддэг хурандаа Жон Стивенс шиг болох мөрөөдлийг нь сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал тас цохиж орхисон. Өөрөөр хэлбэл төмөр замын төслийг үндэсний хөрөнгөтнүүдийн хүчээр биш Орос “ах” нартай хамтарч хэрэгжүүлэх “буулт” хийчихээд ирсэн нь түүнийг буруу харж уйлахад хүргэсэн нь лавтай. Гэхдээ л хал үзэж халуун чулуу долоосон мань хаширт өөрөө Зам тээврийн хөгжлийн сайд болдоггүй юмаа гэхэд үгэнд орж өөрт нь үйлчилдэггүй “дүлий цэрэг” Л.Халтараас өөр дуулгавартай цэрэг тэр суудалд очих нь аль ч талаараа ашигтай гэлцэх.


УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг байхад бөх хүний дотор бүтэн салбар багтаад байж байхыг үгүй гэх газаргүй. Одоогийн сайд Л.Халтар ч огцрох явахдаа тулах юм бол оронд нь Ц.Цэрэнпунцаг шиг аавын хүү очвол болж байна гэж ам алдсан удаатай. Мань хүн энэ салбарт элэгтэй гэх үү, санаатай гэх үү ямартай ч түүний хүн гэгдэх Завхан нутгийн хүү ТНБД С.Батболд бий. Өөрийн ТНБД-тайгаа дөрөө харшуулан нэг салбарыг баглаад авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зүлэг ногоон дэвжээн дээр уран мэхийг уралдуулах, улс төрийн улаан түйрэн дотор учраа олж сайд болох хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Бөх бол төр юм гэдэг хэлц үг, бөхөө төр болгож эрхлүүлдэг монгол сонирхол моданаас гарч байгаа энэ үед ганц сонгогдсон гишүүнд сайдын суудал руу давшихад садаа мундахгүй л болов уу.


Б.Цогтгэрэл. Шилэн Цогоо нэрээр нэгэн цагт сошиалд шуугиулж, шилэн дансаа ширэн данс болгосон эрхмүүдийн зүрхийг чичрүүлж явсан түүнийг Зам тээврийн сайдад яригдах эрхмүүдийн дунд оруулахад буруудахгүй. Нэгэн цагт тус яамны дэд сайдын албыг хашиж, тэр дундаа төмөр замын салбарыг гардан хариуцаж явсан түүнд сайдын суудал санаанд нь багтаж л байгаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг тултал нь дэмжих үү үгүй юу гэдэг л сонирхолтой асуулт. Ардын намыг цөөнх байхад Л.Оюун-Эрдэнэ Харвардад сурахаар одсон. Сургуулиа төгсөхөд нь түүний НАМЗХ-ны найзуудаас нь хоёр гурван нөхөр алсын Америкийг зорьж төгсөлтийн баяр дээрээ өмсөх монгол дээлийг нь хүртэл зэхэж очсоны дотор Цогоо байсан нь зураг хөрөгтэйгөө түүх болон үлджээ. Харин ийм үй зайгүй явсан нөхрөөсөө өнөөгийн Ерөнхий сайд нэг л зай бариад дөлөөд байх шиг санагддаг. Үнэхээр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, анд нөхдийн холбоогоо ажил төрөлтэйгөө хутгахгүй гэсэндээ тэр үү, аль эсхүл өөр шалтгаан байна уу гэдгийг ёстой тэд өөрсдөө л мэдэх байх. Юутай ч өнөөгийн сайдын үйл ажиллагааг үе үе сошиалаар хатуухан чимхчихдэг түүнд салбарын сайд болчих санаа зорилго байж л таараа. Харин биелэх, биежих эсэхийг цаг хугацаа л харуулна.      

     Зам тээврийн яаманд хуучин сайд хийж байсан Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ нарын нэрс ч сайдад дахин яригдах нигууртай. Гэхдээ нэг нь Дарханы замыг хуулсан гэмээ цайруулах гэж, нөгөө нь өөрийнх нь үед яамны байранд гарсан эмгэнэлт явдлыг эргэн сануулах гэж л очдоггүй юм  бол тийшээ зүглэхийг хүсэхгүй л болов уу.   

БАЙГАЛЬ ОРЧНЫ “ТАМГЫГ” ХЭН АТГАХ ВЭ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан. Улс төрд байтугай сэтгүүл зүйдээ ч сайн танигдаагүй хүн гэнэтхэн БОАЖ-ын сайд болж олон хүний гайхаш төрүүлсэн. Гэхдээ түүнийг гэнэтхэн ингэж сайдын сэнтийд суухад МАН-ын эмэгтэй улс төрчдийн манлай нь гэгдэх Д.Сарангэрэл хатагтай, хамаатан гэх Я.Содбаатар хоёр нөлөөлсөн гэх. Я.Содбаатар Н.Номтойбаяр нар Шинэ дэлхий нэртэй телевиз байгуулаад нэг хэсэг Н.Уртнасанг захирлаар нь ажиллуулж байсан. Сүүлийн үед эрхэм сайдтан Ерөнхийлөгчийн бараа бологч шиг л гадаад дотоод хаана ч явсан салахаа байсан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын нөлөөний хүн гэдгийг нь улам ч батлаад байгаа юм. Уг нь өмнөх сайд нь үгнээсээ гарахгүй хүн ор суулгалаа гэж бодтол үнэндээ шинэ сайдтан төд удалгүй дэгээнээс нь алдуурч Эрүүл мэндийн яамнаас дагуулж очсон хүмүүсийг нь ээлж халаагүй сольж орхисон гэх юм билээ. Сүүлийн үед дандаа л эмэгтэй голцуу сайдууд очих болсон БОАЖЯ байгаль орчныг арилжин жамирах яам шахуу болж олон түмний дунд нэрээ алдсан. Зарим хүмүүс бүр байгаль орчноо Байгаль орчны яамнаас хамгаалах тухай ярих цаг болсон гэж ярьдаг нь ч оргүй үг биш. Н.Уртнасан сайдын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлалын салбарт хийх ажилгүй болсон нь нэг талаар амар байсан байх. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэнэтхэн Тэрбум мод тарих тухай НҮБ дээр амлаж нүсэр ажлыг түүнд удсан. Гэхдээ тэр өмнөх хатан ухаантнуудынхаа жишгээр эвтэйхэн арга олж тэрбум модны ихэнхийг уул уурхайн компаниудаар тариулах уран арга сэдэн Ерөнхийлөгчийн өмнө улаан батламж гардуулан өгч мань нөхдийг шахаанд оруулсан сэргэлэн сайд.

Гэхдээ НАМЭХ-ны тэргүүнээсээ нүүр буруулсан, БОАЖ-ын салбарыг барагтайхан авч яваагаасаа болж хэзээ мөдгүй буух болзолоо хангачихаад л явж байгаа хүн.

       Хамгийн сүүлд гэхэд улсын төсвийн хөрөнгөөр, таг зогсчихоод буй аялал жуулчлалын нэрээр Айрагны өргөө барих асуудлыг улсын төсөвт суулгасан нь уйлаан майлаандаа тулж байгаа.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Энэ парламент дотор Х.Булгантуяа, Б.Саранчимэг хоёр л эмэгтэй гишүүд дундаасаа арай толгой илүү гэдгээ харуулж яваа. Парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод буй түүний хувьд БОАЖ-ын сайд боллоо гэхэд өөлөөд байх хүн үгүй л болов уу. Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч байхдаа тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг анх байгуулж ёстой л эмэгтэй хүний гараар оргүй хоосон газар дээр ой мод, бут сөөг ургуулж тордон, их хотыг нүүр улайхааргүй цэцэрлэгт хүрээлэнтэй болгож чадсан гавьяатай. Нэгэн цагт Нийслэлийн НАМЭХ-г тэргүүлж байхдаа ч тун зөв удирдаж элдэв хэл аманд холбогдолгүй өдийг хүрсэн. Гишүүн асан Б.Наранхүүгийн эгч гэдгээрээ гадуурхагдчихгүй бол хоёр сонгогдсон гэдэг утгаараа ч, эмэгтэй гишүүд дундаасаа эрэмбэтэй нь гэдэг талаасаа ч МАН-ын НАМЭХ-ноос квот авчихвал ногоон гэрлээр ороод л ирэх хүний нэг. Төрийн тэргүүний дэвшүүлсэн Тэрбум мод хөтөлбөрийг тэрбум нүх болгочихгүй ажил болгож чадах ухаан түүнд бусдаас арай л илүү байгаа гэдэгт олон хүн эргэлзэхгүй биз ээ.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Нэг сонгогдсон гишүүдээс сайдын сэнтий угаасаа холдоод явчихдаг жамтай. Тэгэхээр хоёр сонгогдсон гишүүд дотроос Б.Энх-Амгалан БОАЖ-ын сайдыг горилж байх талтай. Нэгт тэр Говь-Алтайнх гэдгээрээ МАН-ын генсектэй нэг нутаг ус гээд тун муугүй харилцаатай. Хоёрт НИТХ-д нэгэн цагт адилхан төлөөлөгч явсан түүх нь ч тэднийг нэгтгэнэ. Хоёрт Ерөнхийлөгчийн ээж бас л Говь-Алтайн гаралтай болохоор дэмжлэг хүсэх бас нэг суваг нь: Гэхдээ Дарханы замыг дампуу болгочихоод сэмхэн бултчихсан нөхрийг шагнаж байгаа мэт дахиад өөр салбарын сайд болгож өөртөө эрсдэл хийх хүсэл Ерөнхий сайдад байх нь юу л бол.


МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Тулга: Нэгэн цагт Ардчилсан намын хатгаасаар хоёр тийш болж задарч бутарсан МАН МАХН саяхан буцаад дэр нэгтгэж сөн нийлсэн. Үүний буянаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү нь Их хурлын гишүүн болж, үнэнч дагалдагчдынх нь нэг торгон шадар Б.Тулга нь сая болсон МАН-ын 30 дахь Их хурлаар торойж, Бага хурлаас МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж томорсон. Байгаль орчны дэд сайд хийж явсан туршлагатай түүнд дахиад нэг алхахад БОАЖ-ын сайдын сандал суудлын хөл зэрэгцээд ирэх магадлалтай. Гэхдээ МАН МАХН-тай гэрлэлтээ бүртгүүлэхдээ чамтай суухаас өмнө олсон өмч зөвхөн минийх гэдэг шиг хандаж 2020 оны УИХ-ын сонгуулийн ялалтаас үүдэлтэй улс төрийн бялууг хуваахгүй гэсэн тохироо хийсэн гэх “бор шувуу” жиргээд л байгаа. Тийм болохоор сайдын суудал түүнд ойр харагдах ч авираад гарахад арай л өндөрдөх байх.

     Дээр дурдсан эрхмүүдээс гадна Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нарын гишүүд салбарын бус чиглэлийн яаманд тооцогддог энэ яамны зүг хараа бэлчээж суухыг үгүй гэх газаргүй. Харин олон түмний хувьд Байгаль орчин аялал жуулчлалын яамыг байгаль арилждаг бус хамгаалдаг яам байхад анхаарах сэтгэлтэй , Тэрбум мод хөтөлбөрийг тэнэг тунхаг болгочихгүй ажил болгочих сүйхээтэй сайд л хүлээж буй нь лавтай.   

Одоогоор сэтгэгдэл алга байна