Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого 12 дугаар сарын 7-ноос 17-нд улс, орон даяар зохион байгуулагдаж байна. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг бүрдүүлдэг бөгөөд экспортын орлогын 6 хувийг мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг. Түүнчлэн нийт ажиллах хүчний 24 хувь нь энэ салбарт ажиллаж байна.
Мал аж ахуй нь Монгол орны амьжиргааны гол эх үүсвэр болсон анхдагч үйлдвэрлэлийн салбар байсны хувьд бүртгэл, статистикийн ажил ч энэ салбараас эхлэн хөгжсөн түүхтэй.
Мал тооллогыг зун, намрын улиралд буюу ихэвчлэн 8, 9 дүгээр сард явуулж байсан бол 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй тогтвортой байдаг зэрэг давуу талтай юм.
Мал тооллоготой хамтруулан 1966 оноос малын хашаа байр, 1972 оноос худаг, малын тэжээлийн тооллогыг зохион байгуулдаг болсон.
Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг. Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм. 2020 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 67.1 сая толгойд хүрсэн бөгөөд нийт малын тоонд хонин сүргийн эзлэх хувь хамгийн өндөр
буюу 44.8 хувийг эзэлж байгаа бол тэмээ хамгийн бага буюу 0.7 хувийг эзэлж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна