2003 оноос хойш 4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашиглах эрхтэйгээр бүртгүүлсэн байдаг байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд тэдгээртэй холбоотой 20 гаруй зөрчил бүртгэгджээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж далайн тээвэр эрхлэх, загас агнуур эрхлэх, ашигт малтмал болон далай судлалын салбарт үйл ажиллагаа явуулах боломж улам бүр нэмэгдэж байна. Одоогоор Монгол Улсын далбааг ашиглаж буй онгоцнуудын нэг нь Монгол Улсын иргэнийх байгаа юм. Тэгвэл энэ өдрүүдэд УИХ Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Манай улс Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд баталж, 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулж байжээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2018 оны төлөвлөгөө батлах тухай 201 дүгээр тогтоолоор батлагдсан Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцд заасан, зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомждоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмийг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн байдаг. Эдгээр зөвлөмжийг судлан Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн ийнхүү хуулийн төслийг боловсруулж парламентаар хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн байна. Мөн эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ. Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна