Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. Энэ нь саяхан ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэнтэй холбоотой гэж үзэж болох талтай. Гэтэл Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэсэн заалт бий. Энэ заалтыг өөрчлөхгүй бол “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж Засгийн газар үзжээ. Илүү тодруулж хэлбэл дээрх заалтаар Роснефтийг өдий хүртэл хазаарлаж ирсэнийг болиулахаар шийдсэн байна. Харин дээрх хууль батлагдсанаар Роснефть манай агаарын тээвэрлэгч нарт амлаад байгаачлан хямд үнэтэй шатахуун нийлүүлэх үү, аль эсхүл “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх болох уу?” гэдэгт одоохондоо хариулт алга . Тун удахгүй Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх гэж буйтай холбоотой Засгийн газрын түвшинд ийнхүү “айлчлалын зам засах-ах нарын занг засах” ажил эхлээд байгаа бололтой.
Одоогоор сэтгэгдэл алга байна