Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэрьяа: Дэлхий дахинд нүүрлээд буй Ковид-19 цар тахал улс орон бүрийн гадаад худалдаа, эдийн засаг, үйлдвэр үйлчилгээ, далайн тээвэр зэрэг бүхий л салбарт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Манай улсын гадаад худалдааны тэнцэлд ч хүчтэй нөлөө үзүүлсэн. Манай улс 2020 онд 154 улстай гадаад худалдаа хийсэн бөгөөд нийт бараа эргэлтийн хэмжээ 12.9 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг дотор нь задалбал, экспортоос олсон орлого 7.6 тэрбум ам.доллар, харин импортоор оруулсан бараа бүтээгдэхүүн 5.3 тэрбум ам.доллар болжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ зургаан хувиар буюу өмнөх оноос 800 сая америк доллароор буурсны дотор импорт 13.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлт буурахад БНХАУ-ын хилийн боомтууд хилээ хааж хөл хорио тогтоосон, боомтод нэвтрүүлэх ачаа бараанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсноор боомтын нэвтрүүлэх хүчин чадал буурч, ачаа бараа нэвтрүүлэх хугацаа уртсаж бөглөрөл үүссэн, ажилчдын халууныг үзэж нэвтрүүлэх, шинжилгээ авах, ажиллах хүчний хомсдол үүссэн, ажилчдыг шинжилгээнд хамруулах, тусгаарлах зэрэг нэмэлт зардал гарах болсон, Олон улсын ачаа тээврийн жолоочид коронавирусийн халдвар авсан, Тяньжин далайн боомт дээр манай улсын импортын ачаа барааны бөглөрөл үүсэх болсон, манай улсын төмөр замын ачаалал нэмэгдэн нэвтрүүлэх хүчин чадал буурсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ буурсан.
Одоогоор сэтгэгдэл алга байна