ЭРЭЭН ХААХАД МОНГОЛ “ХАНИАДАГ” БОЛОВ

Халуун сэдэв 3 years, 9 months өмнө

Өнөөдөр өглөө Хятадын тал нэгэн гэнэтийн шийдвэр гаргасан нь  Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох тухай байв.

Тэд Эрээн боомтын төмөр замын тээврийг хаасан шалтгаанаа Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулахтай холбоотой хэмээн эвтэйхэн тайлбарлав.

Энэ дагуу маргааш 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор хүний гараар савлаж боосон бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг тас хориглож байгаагаа ч мэдэгдэв. Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас гаргасан албан бичигт дурдсанаар бол сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас гээд ер нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулахыг зогсоож байгаа аж.

Өмнө нь авто тээврийг зогсоох болон тодорхой хэмжээгээр хязгаарлах төдийд л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, нарийн ногооны хомсдолд дарлуулж хуйхаа маажиж байсан монголчууд бид ийнхүү Эрээнээс үүдэлтэй эдийн засгийн “хориг”-т орж улсаараа нуман тулгуурт орохдоо тулаад байна.

Өнөөдөр өглөө энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаралтай хуралдаан зарласан ч одоогоор ямар нэг тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Юутай ч Хятадын талтай яриа хэлэлцээр хийж өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсоож байгаагүй төмөр замын тээврийг гацаахгүй байх талаар гадаад яриа тохироо цаг алдалгүй хийх шаардлага тулгарлаа.

Эрээн хаахад л Монгол “ханиадаг” эдийн засгийн энэ хараат байдлаас гарах алсын хараатай бодлого хэрэгжүүлэхгүй бол хол явахгүй болсныг ч цар тахлын нөхцөл байдал бидэнд хайр найргүй хатуу ширүүнээр сануулсаар л.  

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв