Монгол орны нутаг дэвсгэрт тархсан цэвдэг нь дулаан цэвдэгтэй бүсэд хамрагддаг. Өөрөөр хэлбэл эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын температурын хэлбэлзэл ихтэй байдаг гэсэн үг. Манай улсын хувьд цэвдэгтэй бүс нутагт ойролцоогоор 1200 км хатуу хучилттай авто зам баригдсан байдаг. Тэгвэл Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар 2017 оноос хойш цэвдэгтэй бүс нутгаар дайран өнгөрч буй хатуу хучилттай авто замд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, дүгнэлт, зөвлөмж гаргасаар байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд тухайн бүс нутагт замын даланг хийхдээ инженер-цэвдгийн нарийвчилсан судалгаа сайн хийдэггүй нь тогтоогдсон байна. Мөн цэвдэгтэй газар зам барих хийц, технологийн дагуу бариагүй гэх мэт олон шалтгаанаас үүдэж замын далангийн доорх цэвдгийн гэсэлтээс болж маш их хэмжээгээр суулт, деформаци үүсэж, зорчигчдын ая тухтай, аюул эрсдэлгүй зорчих байдал алдагдаж байна. Тиймээс цэвдэгтэй бүс нутагт цаашид гэсэлтэнд илүү өртөх замын зурвас хэсэгт тохирсон арга, аргачлал ашиглан засвар арчлалт хийснээр урсгал засварт зарцуулагдаж буй эдийн засгийн мөнгөн урсгалыг үр ашигтай зарцуулах ухаалаг механизмыг бүрдүүлнэ гэж зэж байгаа юм. Цэвдэг судлалын салбар энэ чиглэлээр олон судалгаа, туршилтын ажил хийж байгаа. Тухайлбал 2020 онд А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн улсын чанартай авто замын суулт ихээр үүссэн далангийн доорх цэвдгийн төлөв байдалд өндөр нарийвчлалтай геофизикийн цахилгаан хайгуулын судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс хархад хатуу хучилттай замын далангийн доор орших цэвдэг 6-10 м хүртэл гэссэн байхыг мэдсэн байна. Мөн замын далангийн хажуугийн ус зайлуулах суваг шуудуугаар бороо, цасны усны хуримтлалын нөлөөгөөр замын доорх цэвдгийн гэсэлтийг эрчимжүүлсэн болохыг тогтожээ. Иймд тухайн судалгааны үр дүнд үндэслэн 2020 оны 10 сард уг замын доорх цэвдгийг нэмж гэсгээхгүй байх орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлал ашиглан 14 м өргөнтэй, 30 м урттай, нийт 420 м2 замын даланд геотекстиль-геомембран тусгаарлагч материал ашиглан Монгол оронд анх удаа туршилт хийсэн. Энэхүү туршилтын ажилд замын далангийн доорх цэвдгийн температурыг байнга хянах зорилгоор замын далангийн төв хэсэгт 2.30 м-ын гүнд болон геотекстиль-геомембран материалын доод, дээд хэсэгт тодорхой түвшингүүдэд температур хэмжигчүүд суурилуулж өгсөн байна. Туршилтын эцсийн үр дүн сайн гарвал цаашид цэвдэгтэй газар зам барих арга технологид шинэ эргэлт гарах юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна