Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий газраас ирэх сарын 03-нд болох Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтсан "БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ" аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
ХБХХЕГ-ын дарга Э.Тамир хэлэхдээ “ХНХЯ-наас “Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого баримтлан ажиллаж байгаа. Тийм учраас энэ удаад “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт” сэдвийг сонгож авсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг яаж шинжлэх ухаанчаар шийдвэрлэх вэ гэдэг үндсэн дээр тодорхой судалгаан дээр үндэслэсэн шийдвэр гаргах зорилго чиглэл тавьсан” гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн онд энэхүү эрдэм шинжилгээний хурал “Хөгжлийн бэрхшээл ба инновац” сэдвээр зохион байгуулагдаж байжээ. Монгол улсын хэмжээнд 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 20 гаруй хувь нь л хөдөлмөр эрхлэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс тэднийг сургууль цэцэрлэгээс авахуулаад оюутан байх үеэс нь эхлэн хөдөлмөрт бэлтгэхийг чухалчилж байна. Нэг талаас ажил олгогч, нөгөө талаас хөгжлийн бэрхээлтэй иргэд аль аль нь анхаарч байж илүү үр дүнд хүрнэ. Тиймээс ирэх 12 дугаар сарын 01-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах “Ээлтэй экспо” арга хэмжээг 40 гаруй ААН-тэй хамтран зохион байгуулах юм . E Mart, CU зэрэг томоохон сүлжээ бүхий аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах, ажлын байраар хангах тал дээр санаачилгатай ажиллаж байгааг сайшаан тэмдэглэлээ. Манай улс 2013 оноос МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж ирсэн. Анх 1 жилийн хөрвөх сургалтаар багш бэлтгэж байсан бол 2015 оноос бакалаврын 3.5 жилээр тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургуульд хамрагдалт, хөдөлмөр эрхлэлт хангалттай биш байгаагийн нэг гол шалтгаан нь тэдэнд боловсрол олгох мэргэжлийн багшийн тоо дутагдалтай байдлаас шалтгаалж байна гэж судлаачид үзсэн талаар МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор Т.Батцэнгэл ярьлаа. Өнөөдрийн Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх суурь судалгааны тайланг хэлэлцсэн байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгцээ, Камер ашиглан монгол дохионы хэлийг хөрвүүлэх нь зэрэг сэдвээр үндсэн илтгэлийг сонсож шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна