2021 он гарснаас хойш 5293 эх коронавирусээр өвдсөнөөс 44 эх тус вирусийн шалтгаанаар энджээ. Мөн 2017-2021 онд хийсэн судалгаагаар эхийн ноцтой хүндрэл Булган, Баянхонгор, Сэлэнгэ аймагт, амьгүй төрөлт Төв, Увс, Дорнод аймагт, тав хүртэлх насны хүүхэд болон нярайн эндэгдэл Завхан, Говь-Алтай, Ховд аймагт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Түүнчлэн эхийн эндэгдэлд нийгмийн сөрөг байдал буюу амьдралын боломж, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт нөлөөлж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. 2016-аас 2019 онд эндсэн 97 эхийн материалд хийсэн үнэлгээний дүнгээр зохих арга хэмжээг авч, удирдамж, зааврыг мөрдөж чадсан бол нийт эндсэн эхийн 28.9 хувийг аврах, 67.0 хувийг сэргийлэх боломжтой байжээ гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн эх жирэмсний хяналтад ордоггүй нь хүндэрч, амь нас нь эрсдэх гол хүчин зүйл болж байгааг анхааруулав. Тиймээс сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг тэглэхэд яаралтай тусламж хүргэх онгоцны үйлчилгээг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтний ур чадварыг сайжруулах, шаардлагатай оношилгоог цаг алдалгүй хийх лабораторийн хүчин чадлыг орон нутагт нэмэгдүүлэх, үр хөндөлтийг бодлогын түвшинд авч үзэх, алсын зайн оношилгоог өргөжүүлэх, эмч бэлтгэдэг сургуулийн сургалтын чанарыг сайжруулах болон эхийн эндэгдэлд авах хариу арга хэмжээний шинэ удирдамжийг практикд нэвтрүүлэх шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дашрамд дурдахад ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх шинэ Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтныг дэмжих чиглэлээр ажлын цагийг богиносгох, ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цаг, шөнийн цагаар ажиллуулах, томилолтоор явуулах зэргийг хориглох, зайнаас ажиллах боломжийг олгох зохицуулалтуудыг тусгаад байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна