“ЕС”-ӨӨС  УРЬТАЖ “ДЭЭЛЭЭ ДАВХАРЛАХ” ЕС-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Халуун сэдэв 3 years, 9 months өмнө

    УИХ-д хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болсон МАН-ын эрх барих хугацаа бараг талдаа ороод байна. Гэтэл “дан дээл”-тэй унхиагүй сайдуудаасаа болоод Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аль халуун намраас л “даарч” эхэлсэн.

   Ядаж байхад яр гэгчээр Эрээний хил хаагдсанаас эм тариа тасарсан. Махны экспорт таг зогсож малын өвчин газар авсан. Сайжруулсан түлшээ ч тасалдалгүй тарааж чадахгүй сандарч тэвдсэн. Андлал нөхөрлөл, айраг тарагны өргөө, тахил бурхны хөшөөг төсвийн мөнгөөр барих хамаг булхай нь илэрч булайгаа чирсэн.

   Төмс тараадаг сайд, төсөл гацаадаг сайд, өвчин мэдээлдэг сайд, өр тавьдаг саадуудаасаа салахгүй бол ерөөсөө болохгүй нь гэдгээ ч МАН-ын дарга, Ерөнхий сайд мэдэхийн дээдээр мэдэж улс төрийн тасхийм хүйтэн ЕС эхлэхээс өмнө “ДАВХАР ДЭЭЛ” өмсөхөөр шийдсэн тухай шивнэлдэж байна.

   Аз болоход “дээлээ давхарлах”-ын тулд заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж цаг алдахгүйгээр шийдэх хуулийн сиймхий байгааг ч олж анзаарсан байна.

    Тэр нь чухам юу вэ гэхээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гучин есдүгээр зүйлийн 1-д “...Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” хэмээсэн заалт юм.

 

   Өөрөөр хэлбэл энэ заалтад логикийн хоёр ч алдаа байна. Нэгдүгээрт Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэх эл өгүүлбэр. Үүгээр бол гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын гишүүний хувьд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүний албан тушаал зүгээр хавсрага төдий алба мэт шууд ойлгогдож байгаа. Хоёрдугаарт дээрх заалтаар бол Засгийн газрын дөрөв хүртэлх тооны дурын гишүүн “...Би хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсармаар байна...” гэж томорч болохоор учир зүйн алдаа энд нуугдаж байгаа юм.

   Тиймээс яг дээрх ээдрээтэй, эрэмбэ дараа нь алдагдсан  даварсан заалтыг Үндсэн Хуулийн Цэцэд өгч засуулах замаар засгаа “ДАВХАР ДЭЭЛ”-тэй болгох хуулийн гарцыг ЕС олоод харчихаж. Гэхдээ олж харсан энэ боломжоо өөрөө ил гарч зарлах нь нэн зохимжгүйн дээр “ДАН ДЭЭЛ”-т даржин сайдуудыг нь “матрын нулимс унагаж усан нүдлэхэд” хүргэх тул эвтэйхэн арга олсон нь парламент дахь сөрөг хүчний төлөөлөл гэгдэх ХҮН намын Т.Доржханд, АН-ын Ш.Адьшаа, Н.Ганибал нараар ҮХЦ-д гомдол гаргуулах явдал байв.

   Наанаа ард түмэнд таалагдах сонгуулийн холимог тогтолцоо ярьж байгаад “ДАВХАР ДЭЭЛ”-ийг цэцээр зөвшөөрүүлэх бичиг зөөснөөрөө Т.Доржханд МАНай намын “охин нам”-ын дарга гэдгээ дахин батлаадахлаа гэж Ардын намынхан шоололдох.

   “ДАВХАР ДЭЭЛ”-ийг эргүүлж нөмрүүлэх жинхэнэ даалгаврыг Женко зэнийхээ өмнөөс амжилттай гүйцэтгэж буй Ш.Адьшаа, Н.Ганибал нар түүнийгээ дүйвүүлэн Шүүхийн хуулийг ҮХЦ-д өгч байгаа мэтээр “үнэгэн заль” гаргаж жүжээд авав.

   Үнэндээ бол “дээлээ давхарлаж” байгаад ч болов Ерөнхий сайдаараа үлдэх нь Л.Оюун-Эрдэнээс илүү түүний зөвлөх гэгдэх Женкод илүү ашигтай. Учир нь түүнийг төмөр замын хэргээр нь хэзээ л бол хэзээ оролдож мэдэх АТГ аз болоход Ерөнхий сайдын мэдэлд ирсэн. Тийм болохоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “ДАВХАР ДЭЭЛ” өмсүүлэх нь мань эрийг дээлээ толгой дээгүүрээ нөмрөхөөс хамгаалах хамгийн гол гарц.

   Харагдаж буй зургаар бол одоо ҮХЦ гучин есдүгээр зүйлийн нэг гэсэн заалтыг ядах юмгүй засчихна. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өөрсдийгөө зовоохгүйгээр Их хурлын гишүүд “Давхар дээл” өмсөх аятайхан боломж шинэ оноос өмнө нээгдчихнэ гэсэн үг. Нэг ёсондоо “Хонь бүрэн чоно цатгалан” ийм сайхан тохироог эсэргүүцэх эргүү МАН дотор байтугай цөөнх нэртэй цөвдөл горьдсон “цөөврүүд” дунд ч байхгүй.

 

  Ерөнхий сайд өөрийгөө оролцуулаад Засгийн газраа дан УИХ-ын гишүүдээр бүрдүүлчихвэл УИХ-д   суудалтай МАН-ын 62 гишүүний 19 нь сайхан зузаалаад авна. Эрх мэдлийн нимгэнд даарахын зовлонгүй болсон гишүүд элдэв юм ярьж Ерөнхий сайдад зовлон удахаа болино. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч далаад оны нөхөддөө “дахин ирэлт” хийх боломж олгосондоо бяртай хийгээд сэтгэл хангалуун үлдэнэ.

    УИХ-ын сүр хүчийг “дан дээлт”-үүдэд харуулж далаар нь ганц сайн тавьсандаа Спикер ч данагар үлдэнэ.

    Сайд болж чадаагүйдээ гомдож мэдэх арваад гишүүнийг байнгын хорооны даргын зөөлөн сэнтийд суулгачихна.

   Ингээд бодохоор анх удаа Их хуралд сонгогдсон гучаад гишүүн л цаана нь үлдэнэ. Мэдээж тэр нялх гишүүдээ даацтай, баавартай ах эгч гишүүдэд нь нэг нэгээр нь батлан даалгаж  “үдийн хоолонд” нь оруулаад байх үүрэг өгчихөөр 24 онд ч МАН сүхээр цохисон ч унахгүй цул хэвээрээ л үлдэх тийм л зураг харагдаж байна.

  Улирлын хийгээд улс төрийн тачигнасан ЕС эхлэхээс урьтаж дээлээ давхарлах ЕС-ын төлөвлөгөө ийм л байна. Ванга шиг хэлье. Ингэхэд бид шинэ оныг бяр хүчээр аархсан “ДАВХАР ДЭЭЛ”-тэй данагар шинэ Засгийн газартай л угтацгаах нь дээ нөхөд өө.                         

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв