САНСАРЫН ХАР НҮХ ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ ?

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

Энэ бол ХАР НҮХ. Өмнөх постуудаар хар нүхний талаар олонтаа бичигдсэн билээ. Харин энэ удаа хэрэв та хар нүх рүү унавал юу тохиолдох вэ гэдэг талаас нь ярилцъя.

Юуны түрүүнд хар нүх бол сансарт байдаг ямар нэг том хар НҮХ биш гэдгийг санаарай. Харин ч эсрэгээрээ. Манай нарнаас 10 буюу түүнээс олон дахин илүү масстай аварга од бүх түлшээ барж дуусаад тэсэрсний дараа маш нягт биет болон үлддэг. Тэр хар нүхнээс та ганц цайны халбага материал халбагдлаа гэж бодоход тэр нь хэдэн тэрбум тонн жинтэй байх болно!

Жишээ нь 20 км диаметр хэмжээтэй жижигхэн хар нүхийг авч үзье (Гэхдээ энэ нь нарнаас хэдэн арав дахин хүнд масстай байх болно). Та ямар нэг асар хурдтай сансрын хөлгөөр түүнд хүрч очоод задгай сансарт гараад хар нүх рүү үсэрлээ гэж бодъё.

Та хар нүхийг тойрсон гэрлэн бүслүүрүүдийг харах бөгөөд хамгийн эхэнд хэт ягаан, гамма, X-Ray зэрэг олон төрлийн хүчтэй цацраг туяанд өртөх бөгөөд таны нүдийг тэр дорхноо сохолж улмаар юу ч үгүй шатааж орхих болно. Гэвч та сансрын маш бат бөх хамгаалалтын өмсгөлтэй байгаад амьд үлдлээ. Хар нүхний эргэн тойрон маш хурц цэнхэр өнгийн гэрлийг харах бөгөөд энэ нь маш өндөр температуртайг илтгэнэ. Та хар нүх рүү улам ойртсоор л байна. Энэ үед та гэрлийн хурдны 4%-тай тэнцэхүйц хурдаар (12,000 км/сек) унаж байх болно. Хар нүхрүү ойртох тусам түүний татах хүч нэмэгдэх учир таны хурд тасралтгүй нэмэгдсээр байна. Энэ үед танд хар нүхний гэрэл улам тодорч эхлэх ба хэрэв арагш харвал гэрэл бага багаар бүдгэрч харагдана. Харин та сансрын хөлөгт байгаа цагийг харлаа гэж үзэхэд цагийн зүү удааширсныг анзаарах болно. Энэ нь "Доплерийн эффект" хэмээх зүйлээр тайлбарладаг ба сансрын хөлгөөс ирэх гэрлийн долгион танд хүрэхдээ удааширсныг илтгэнэ.

Үүнээс хойш хэсэг хугацааны дараа та хар нүхийг тойрсон гэрлэн бүрхүүлээс өнгөрнө. Энэ бүсээс цааш татах хүч асар ихээр нэмэгдэх бөгөөд энэ бүсийг “Photon Sphere” гэж нэрлэх ба сансрын хөлгөөс таныг харахад хөдөлгөөн нь маш удааширч, улайрч харагдах ба аажмаар бүдгэрч алга болохыг харах болно.

Харин үүнээс цааш хэдхэн хормын дараа та “HORIZON” буюу "ҮЗЭГДЛИЙН ХАЯА" гэх бүсэд хүрнэ. Сансрын хөлгөөс таныг ажиглаж байгаа хүн таныг үзэгдлийн хаяаруу орохыг харж чадахгүй. Учир нь энэ бүс орчмоос эхлэн гэрэл хүртэл зугатаж чадахгүй. Тиймээс та энэ бүсийг давсан бол буцаж гарах ямар ч боломжгүй.

Үзэгдлийн хаяаг давсны дараа юу болох вэ? Юу харагдах вэ?

Ямар нэг гайхамшигтай тохиолдлоор та амьд байгаад байгаа гэж үзвэл шүү дээ...

Та сансрын хөлөг рүүгээ эргэн харвал хөлөг байсан газраа байж л байна. Бусад одод ч танд харагдана. Хөлгийн цаг ч удаан боловч цохилсоор байгааг та харах болно. Таны хувьд ч цаг хугацаа хэвийн мэт л санагдана. Харин та хар нүхний төв рүү улам л хурдтайгаар унах ба таны өмнөх зүйлс уртсан нарийсч, харин таны ард байгаа зүйл, жишээ нь сансрын хөлөг чинь томорч байгаа мэт харагдах болно. Харин та сансрын хөлөг рүү радио дохио илгээх, эсвэл гэрлээр дохилоо гэхэд тэд хэзээ ч сонсохгүй харахгүй.

Үүнээс дараа хар нүхний төврүү илүү ойртох үед та толгойноосоо хөлд хүртлээ маш уртаар сунах болно. Учир нь хар нүхний төвөөс татах хүч таны тогойноос хөл хүртэлх биед чинь өөрөөр нөлөөлдөг. Энэ үзэгдлийн гоймон шиг сунах гэсэн утгаар нь “Spaghettification” гэж нэрлэдэг. Харамсалтай нь таны хувьд ингээд бүх зүйл төгсөх бөгөөд энэ үйл явдал таны хувьд хэсэг хормын төдий санагдах боловч сансрын хөлөгт байгаа хүмүүсийн хувьд маш их цаг хугацаа өнгөрсөн байх болно. Үзэгдлийн хаяанаас цааш юу болдог талаар одоогоор шинжлэх ухаан тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

Хар нүх нь хугацааны өөр хэмжигдэхүүнд хүргэдэг, эсвэл Өтний нүхэнд хүрч алс холын галактикт очих боломжтой гэх бол зарим нь бүр өөр ертөнцөд хүрэх хаалга гэхчлэн олон янзаар тайлбарлахыг оролддог.

Харин та юу гэж бодож байна?

Эх сурвалж: Фэйсбүүк дэх Шинжлэх ухааны танин мэдэхүйн бүлгэмийн админ Ganaa Ganbileg

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв