Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцож байна.
Өнгөрсөн сарын 30-нд АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өссөн юм. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө. Мөн дизель түлш нэг литр нь 2290 төгрөгөөс бүх шатахуун түгээх станцад 2490 төгрөг болсон юм.
Хэлэлцүүлгийг нээж УУХҮ-ийн сайд Г.Ендон дараах мэдээллийг өглөө:
-Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг. Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. ААН-үүд ямар байдалд байгаагаа ярих байх. АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр ирсэн. Иргэдийн 60 хувь нь вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн юм. ААН-үүд ашиг олох ёстой. Тэд ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Гэтэл нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ. Та бүхний асуултад хариулахад бэлэн байна.
ААН-үүд үүдээ нээсэн тул шатахууны үнийг нэмэх цаг болсон. Төр засаг үнэд хяналт тавьдаг ч үнийг тогтоодоггүй. Өнгөрсөн хугацаанд бид ААН-үүдэд ямар ч санхүүжилт, татаас олгоогүй юм шүү. Төрөөс мөнгө өгснөөр ААН-үүд үнээ нэмээгүй гэх буруу ойлголт байна. Дархлаажуулалт үр дүнд хүрээгүй бол байдал үнэхээр хэцүү байх байв.
Цар тахлын улмаас дэлхийн олон оронд иргэдэд бэлэн мөнгө тараасан. Гэхдээ тэдгээр улсуудад өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй. Харин манай улсад өсдөг онцлог байсаар байна. Мөн өнөөдөр манайх шиг иргэд нь чөлөөтэй зорчиж буй улс алга. Сар бүрд 100 төгрөгөөр шатахууны үнийг нэмсэн бол бусад барааны үнэд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн тул хоёр удаа тус бүр 300 төгрөгөөр өсгөсөн юм.
"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монопол гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна. Ирэх есдүгээр сард үнэ өсөж болзошгүй. Компаниуд олон сарын турш алдагдал хүлээв. Тэд нийт 10 мянган хүнийг ажлын байраар ханадаг. Хэдий алдагдал хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй. Гэхдээ шатахуун түгээх станц барих гэх мэт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжгүй болов. Шатахууны салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 7-20 хувиар өссөн. Энэ өсөлт шатахууны үнийн өсөлтөөс өмнө болж өнгөрсөн. ШӨХТГ-аас манай компанид шатахууны чанартай холбоотой ямар нэг албан бичиг явуулаагүй. Чанарын хяналт алдаатай болов уу даа гэж би бодож байна. ШӨХТГ шатахуун импортлогч компаниудыг муухай харагдуулж, иргэдийг эргэлзэхэд хүргэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай салбарт сайн компаниуд бий.
УУХҮ-ийн сайд Г.Ендон:
-ОХУ-ын сайд мэдэгдэл хийн, дөрөвдүгээр сараас шатахууны экспортоо зогсоож болзошгүй гэдсэн юм. Энэ сарын нөөц бидэнд хангалттай бий. АИ-92 шатахууныг бид нэг сард 30 мянган тонныг хэрэглэдэг.
"Петро чайна дачин тамсаг" компани нийт 9 сая тонн тос олборлосон. Бид импортоос 100 хувь хараат. Лаос манай улсыг өөрсдөө тосны нөөцтэй атлаа бусдаас шатахуунаа худалдан авдаг гэж шүүмжилдэг юм. Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр бид газрын тосны үйлдвэрээ барьж байна. Яагаад өмнө нь энэ төслийг эхлүүлээгүй юм бол гэж би гайхдаг. Би амралтын өдрүүдэд энэ үйлдвэрт ажиллалаа. Шатахууны улсын нөөцийг нэмэхээр ААН-үүдтэй хамтран ажиллаж байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Манай үйлдвэр ашиглалтад орсноор үнэ одоогийнхоос 15-200 хувь буурна. Хаана газрын тосны үнэ бага байна гэхээр олборлогч орнуудад бага байна. Импортлогчидтой дахин хэлэлцээ хийнэ. Одоогийн үнийг буулгах ямар арга зам байгааг эрэлхийлнэ.
Манайд Төсвийн Тогтворжуулалтын сан гэж бий. Үүнтэй төстэй сан байгуулахаар ажиллаж байна.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: Цаашид үнэ өсөхгүй, тогтвортой байна гэж бодож байна. Учир нь ОПЕК гарцаа нэмлээ. Олон улсад үнэ буурахад манай улсад ч дагаад буурдаг. АИ-92 шатахууныг бид 1730 төгрөгөөр нэг жилийн турш хэрэглэлээ. Дизелийн үнэ ч буурсан.
Хэджингийн гэрээг ААН-үүд Сингапурын хөрөнгийн биржийн эрхтэй компанитай хийсэн юм. Үүнд төрөөс мөнгө гаргаагүй. Энэ гэрээний үр дүнд 14 тэрбум төгрөг иргэдийн халаасанд үлдсэн. Нийт 115 мянган тонн тосны гэрээ хийсэн юм. Гэрээний хугацаа дууссан.
Манай улсад нийт газрын тосны 35 талбай ялгаснаас 3 нь ашиглалтын талбай юм. Бид жилд 200-300 тэрбум ам.долларын орлогыг газрын тосны худалдаанаас олж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход бид "Петро чайна дачин тамсаг"-оос тос авдаг болно. Улс 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлснээр ААН-үүд үнээ 50-100 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн. Одоо улсын нөөцөд 12.7 мянган тонн, ААН-үүдэд 120 мянган тонн тос байна. Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу өчигдөр байгуулсан сэлгэн хадгалах түр журмаар нөөцөө нэмнэ. Тодруулбал АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ.
"Шунхлай" компанийн захирал н.Мөнхнаран: Бид хоёрдугаар сараас алдагдал хүлээж ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ саяхныг хүртэл нэмээгүй. АИ-92 шатахууны өртөг үнэ нь 2070 төгрөг байгаа ч бид 2050 төгрөгөөр худалдаж байна. Тэгэхээр цаашид үнэ ойрын хугацаанд буурахгүй. Тавдугаар сараас борлуулалт өссөн. Хэдий чинээ борлуулалт өснө, тэр хэрээр бидний алдагдал өссөн.
АМГТГ-ын дарга Ц.Хэрлэн:
-Бид тосоо гаргаад арваад жил боллоо. Улсын төсөвт нийт 2.3 их наяд төгрөгийн орлого оруулжээ. Шатахууны үнэд хяналт тавина гэдэг нь аль болох иргэдийн нуруунд ачаалал үүсгэлгүйгээр хамгийн бага түвшинд байлгахаар ажилладаг. Өчигдөр зарим ААН жижиглэнгийн үнээ 50 төгрөгөөр буулгасан. Өнөөдөр мөн бууруулахаа зарим ААН мэдэгдсэн.
Одоогоор сэтгэгдэл алга байна