Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ хүрээнд сүүний чиглэлийн 5000 толгой, махны чиглэлийн 4000 толгой, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг, шимтэй цэвэр үүлдрийн үхэр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөгдөж байна. Эхний ээлжийн 500 толгой махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр (грейфорд, абердин-ангусс, лимузин) худалдан авах гэрээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белплемживобъединение” үржлийн малын нэгдсэн аж ахуйтай 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Минск хотноо байгууллаа. Төслийн зорилго нь мах, сүүний чиглэлийн үхрийн генийн нөөцийг сайжруулж, эрчимжсэн аж ахуй дахь цэвэр үүлдрийн үхрийн тоог нэмэгдүүлж, сүү, сүүн болон мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх, хуурай сүүний импортыг бууруулж, махны экспортыг дэмжихэд оршиж байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна