Цар тахлын энэ үед хамгийн их хохирол амсаж буй салбар бол аялал жуулчлал. Ялангуяа эдийн засгийн гол цөмийг нь аялал жуулчлалын салбараас олох орлого бүрдүүлдэг Тайланд Вьетнам зэрэг улсын хувьд цар тахлын дэгдэлт томоохон цохилт болж буй. Манай улсын тухайд ч гадаадаас жуулчин авах асуудал хаалттай хэвээр байна. Гэхдээ цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд энэ салбарыг зөнд нь орхих биш одооноос цаг үетэйгээ нийцсэн арга хэмжээ авах зайлшгүй чухал байгаа юм. Тухайлбал аялал жуулчлалын салбарт виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, программ хангамж болон платформыг бий болгохыг зорьж байна. БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан цахим сургалтын үеэр энэ сэдвийг хөнджээ. Хэдийгээр виртуал аялал жуулчлал хэзээ ч бодит байдлыг орлож чадахгүй ч ирээдүйд гадны жуулчид Монголд аялах сонголтоо эртнээс хийхэд шийдвэрлэх нөлөөтэй хэмээн найдаж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна