Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "ДАРХЛАА" ОЮУ ТОЛГОЙ

Халуун сэдэв 3 years, 7 months өмнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэл нэмэгдсэн ч түүнийг дагаж үүрэх ачаа нь ч бас хүндэрсэн. Энэ нь нэг талаар Л.Оюун-Эрдэнэд хүчтэй Ерөнхий сайд байх боломжийг олгож буй ч нөгөө талдаа хахир хатуу улс төрийн жаварт “дан дээл”-тэй дагжин чичирсэн бяргүй сайдууд нь хэлд байтугай хөлд орж чадахгүй хормойноос нь чаргууцалдан зовлон болж байгаа нь ч бас бодит үнэн. Үүнийг нь далимдуулан засагт нь засвар нэрээр завсар  оруулчих бодолтой улс төрийн бүлэглэл, өвөр зуураа тэмцэлдээд өндийх завгүй байгаа ч засаг огцорчихоосой билээ хэмээн ханцуй  дотроо залбирах нь холгүй аман дотроо бувтнах сөрөг хүчний нөхөд ч цөөнгүй бий.

Улс төрд бууриа олж буурь суутлаа том ах нарын нөмөрт найдаж ирсэн залуу Ерөнхий сайдын хувьд энэ мэт үе үехэн сэвэлзэх хуй салхинд сөхөрчихгүй  засгаа бүтэн авч үлдэх, үгүй ядахад ганц хоёр “хорхой идсэн шүдээ” сугалуулаад өөрөө үлдэх сонирхол байгаа гэх таамаг ид өрнөж байна         

 

          Дайран дээр давс гэгчээр цар тахлын халдвар хяналтаас алдуурч, эрдэс баялгийн экспорт буурч, урд хилийн боомт дээр гацаж овоорсон импортын ачаа толгойны өвчин болж буй. Шударга ёсны төлөө авлигатай хатуу тэмцэх акци ард түмэнд сүрхий таалагдаж байсан ч улс төрийн шалтгаанаар “аавынд морилсон” гэгдэх  түрүүчийн нөхөд уван цуван өршөөлөөр суллагдсан нь энэ ажилд нь итгэх итгэлийг үндсэндээ баллуурдаж орхисон. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хувьд Оюу толгойтой нүүж буй өнөөгийн өрөг нь түүнд хөзрийн тамга атгуулах уу, хөлд нь дэгээ ороох уу? гэдэг сонголтыг хүссэн хүсээгүй ч авчирч орхилоо.    

 

 “Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл. Гэхдээ Монгол улс энэ их баялгийн эзэн нь мөртлөө ногдол ашиг хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшилж, тэр ч байтугай өөрсдөө өрөнд орох ийм тохуутай түншлэл байж таарахгүйг олон хүн хэлж сануулсаар ирсэн.  

 Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. Тэр цагаас хойш бүтэн 8 жил өнгөрсөн ч гүний уурхай нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оролгүй өдийг хүрээд байгаа юм. Түүний дээр эхлээд ил уурхайн, удаад нь гүний уурхайн  хөрөнгө оруулалтын зардал хэт хэтэрсэн нь Монгол улсад өгөөж биш өр нэмж иргэдийн эгдүү зэвүүг зэрэг хүргээд байгаа юм.

 

Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байгаа нь үнэний хувьтай ч менежментийн зардал нь хэт өндөр, бас баялгийн эзэн болсон монголчуудад хандах хандлага нь бардам дээрэнгүй байдагт нэгэнт цэг тавих цаг нь болсон гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үзсэн. Парламент ч Оюу толгойн гэрээг сайжруулах, Дубайн гэрээгээр дордуулсан заалтуудыг засах үүргийг Засгийн газарт өгч, ажлын хэсэг хүртэл байгуулсан.

 “Оюу толгой” ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгардаг нь үнэн. Гэхдээ Эрдэнэтээс 4 дахин том энэ уурхай тус үйлдвэрээс хэд дахин бага татвар төлдөг нь хамгийн ихээр гайхаш төрүүлдэг.

2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлсөн хэдий ч энэ нь жилээс жилд өсөж буй Монгол улсын эдийн засагт одоо тийм ч жин дарах үзүүлэлт биш болсон.

 

Олон улсын аудитын шинжээчийн дүгнэлтээр, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэж гарсан нь ид дуулиан дэгдээж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн Засгийн газарт өгдөг тайлбар “молиго” байсныг энэ дүгнэлт гэрчилж орхисон.

Оюутолгойн энэ “хууралт” анхных биш. Бүр 2009 онд Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-ийг татвараас зайлсхийсэн гэж үзэн 2007-2008 онд хамаарах 345 тэрбум 691 сая 600 төгрөгийн төлбөрийн акт тавьсан. Энэ актыг хүчингүй болгуулахаар Оюу толгой ХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын Дээд Шүүх хүртэл заргалдаад заргаа авч чадаагүй. Ингэснээр “Оюу толгой” ХХК татварын байцаагч нарын актын дагуу 345 691 600 төгрөгийг  орлогын албан татварт төлөхөөр болж байв.

 

2020 оны төгсгөлд Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид дахин 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Энэ мөнгийг Оюутолгой ХХК өгөх ёстой татвараа төлж байгаа биш харин өглөг өгч байгаа мэт дуртай дургүй төлсөн.  

Өөрөөр хэлбэл “Оюутолгой” ХХК-иас татвар төлсөн нь татварын акт, шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал биш гэдгийг тэд онцлон дурдаад Олон улсын арбитрын шүүхэд татвартай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу үргэлжилж буй гэдгийг чанга дуугаар зарлаж байлаа. Нэг ёсондоо хэрэв шүүхийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарвал татварт төлсөн мөнгийг Монголын талын зээлийн төлбөрт суутгаж болзошгүй гэдгийг тун соёлтойгоор илэрхийлсэн хэрэг.

 

 Гэтэл хөрөнгө оруулагчдын хувьд санаанд оромгүй явдал болов. Монгол Улсын Засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах нь тэр.. Энэ нь Оюу толгойн тулган шаардалтыг үг дуугүй биелүүлж өр нэмэгдэхийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг асан өмнөх Засгийн газруудаас тэс өөр, хөрөнгө оруулагчдын хувьд хүнд цохилтод оруулсан шийдвэр байв. Нэг үгээр хэлбэл Монголын Засгийн газар үндэстэн дамнасан том корпорацийн ов мэхэнд амар унахааргүй хэрсүүжсэн болохоо үүгээр батлан харуулж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж ёстой 75-аар буулгаж авна гээч болов.

Байдал нэгэнт бишдэж буйг ойлгосон нөхөд Монгол улсын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татахыг аятайхан царайчлав. Яриа хэлцэл хийх замаар гэрээг эргэн харж, харилцан ашигтай байх өөрчлөлт хийх боломжтойг аядуу дуугаар мэдэгдэв. Хүлээн зөвшөөрөхгүй байсан татварын актынхаа тухай ч үг цухуйлгахаа болив. Зэс олборлож их ашиг олох гээд ”зэс нь цухуйсан” нөхөд анх удаагаа буулт хийх нь тэр.

Одоо харин хөрөнгө оруулагчдын энэ “зөөлөн хүчний бодлого”-д ховсдуулчихгүй гэрээгээ сайжруулж авах илүү хариуцлагатай цаг тоолол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд эхэлж байна. Энэ алтан боломжийг ашиглаж Монгол улс Оюу толгойгоос авах ёстой татвараа бүрэн авдаг байх эрх зүйн орчныг тодорхой болгох, яаж ч тайлбарлаж болох яах нь мэдэгдэхгүй мөлгөр заалтуудыг түүж цэвэрлэн Монгол улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлэх нь туйлаас чухал.

Өдий хүртэл цахилгаан станцаа ч барихгүй жил тутам урд хөршөөс 80 сая ам долларын цахилгаан эрчим хүч импортолдог, говийн эрдэнэ болсон гүний усыг үйлдвэрлэлдээ ашигладаг хэрнээ татвараа бүрэн төлөхгүй “гол гаргадаг”, хөрөнгө оруулалтын зардлаа байнга хэтрүүлж Монгол улсад оногдох өрийг өсгөж ирсэн овжин түншлэгчтэйгээ эрх тэгш хэлцэл хийж харилцан ашигтай тоглолт хийх цаг ингэж ирэв.

Л.Оюун-Эрдэнийн хувьд Оюу толгой өөрийнхөө Засгийн газрыг улс төрийн “корона”-д нэрвүүлчихгүй байх нэн чухал вакцин нь болсон. Одоо түүний Засгийн газрыг онхолдуулчих гэсэн аливаа оролдлого бүхэн ард түмэн, Монгол улсын ашиг сонирхолд дайн зарласан жигшүүрт явдал болж харагдана. Тэгэхээр нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ дархлаагаа алдаад унагаачихгүй байх зөв стратеги зөвхөн түүний хувьд ч биш Монгол улсын ирээдүйн түүхэнд хамгаас чухал байна.        

Одоогоор сэтгэгдэл алга байна