Бразилын Парламентын дээд танхим цар тахлын эсрэг Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн танхимын явуулсан бодлог,о үйл ажиллагаа 600 000 иргэнийг нас барахад хүргэсэн гэж үзжээ. Улмаар Ерөнхийлөгчийг ард түмнийхээ эсрэг есөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн тухай ажлын хэсгийн дүгнэлтийг баталлаа. Одоо парламентын мөрдөн байцаах комиссын тайланг Парламентын доод танхим, Холбооны цагдаа, Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлнэ.
1300 орчим хуудастай тайланд дурдсанаар Ерөнхийлөгч Жаир Болсонару амны хаалт бараг зүүдэггүй, хамгаалалтын дэглэм сахихгүйгээр хүмүүстэй ойрхноос харилцаж, олон нийтийн арга хэмжээнд оролцдог байсан нь цар тахал өвчний тархалтад нөлөөлсөн гэжээ. Түүнчлэн, COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд үр дүн нь нотлогдоогүй эмийн хэрэглээг идэвхтэй сурталчилж, халдварын эсрэг вакцинжуулалтад эргэлзэж байсаных нь төлөө түүнийг бусдыг хууран мэхэлж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан гэж үзэх шалтгаан болжээ. Мөн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг зөрчсөн, зан авир нь төрийн тэргүүний албан тушаалд нийцэхгүй байна гэж парламентын гишүүд үзсэн байна. Бразилийн хуулийн дагуу ийм төрлийн зөрчил нь импичментийн ажиллагаа эхлүүлэх үндэслэл болдог.
Одоогоор сэтгэгдэл алга байна