ЭМЯ эхний ээлжинд эмч сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгаа хийжээ.Үүнд мөн 145 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоог гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд нийт 56 мянган хүн ажиллаж байгаа юм. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг ажээ.
Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547,509 төгрөгийн цалин авч байна. Тэдний цалинг 20 хувь нэмэгдүүлэхэд 657,010 төгрөгийн цалин авах тооцоо байгаа юм. Үүн дээр нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919,940 төгрөгийн цалин авах боломж бүрдэх юм байна.
Тэгвэл өнөөдөр эрчимт эмчилгээний болон мэс заслын эмч нар 885,763 төгрөгийн цалин авч байгаа бол 20 хувь нэмэгдсэнээр 1,062,915 төгрөгийн цалин авдаг болно. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа хамгийн багадаа дунджаар 1 сая 660 мянган төгрөгийн цалин авна гэсэн үг юм байна.
Гэхдээ одоогоор цалинг тэгшитгэж бүгдийг нь 20 хувиар нэмэх үү, аль эсхүл ажлын бүтээмжид нь суурилсан цалин олгодог болох уу гэдэг дээр хараахан эцсийн шийдэлд хүрээгүй байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна