Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл баталжээ. 1998 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог байгуулж байсан боловч 2015 онд татан буулгаж, үндсэн чиг үүргийг нь БОАЖЯ-нд харьяалуулахаар болжээ. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, хөрс хамгаалах, цөлжилтийн нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд зайлшгүй үндэсний хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.
2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад энэхүү Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоо БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдэгдлээ. Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Харин мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого баримтална гэлээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна