ХОГИЙН ЦЭГ БАЙСАН ГАЗАР ӨВС НАЙГАСАН ХОНГОР ТАЛ БОЛЖЭЭ

Халуун сэдэв 3 years, 7 months өмнө

Хог хаягдлаа шийдэж чадаагүй цагт хот гэдэг их айл царай алдсан хэвээрээ л үлдэнэ. Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, хогоо ангилан ялгах тухай олон жил дөжиртөл ярьж байгаа ч өнөө хэр бүрэн шийдэж чадаагүй л байна. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг нэг үеэ бодвол цөөнгүй орон сууцны хотхон хог ангилан ялгах савтай болж, хүмүүсийн хандлага бага ч болов эерэгээр өөрчлөгдсөөр байгаа нь олзуурхууштай. Нэг гэм нь ангилсан хогийг нь ачихдаа бүгдийг нь хольж хутгаад аваад явдаг нь л өнөөдөр гол асуудал болчихоод байгаа юм. Хэрэв байдал энэ хэвээр удаан үргэлжлэх юм бол Улаанбаатар хотод хог хаях бүү хэл бурхан болоочоо нутаглуулах газар ч байхгүй болоход ойрхон болсон нь хатуу боловч үнэн.

 

 

 

Юутай ч эхний ээлжинд хогоо ангилан ялгаж, дахин боловсруулахаас өмнө хуучин хогийн цэг байсан газруудаа нөхөн сэргээхэд хотоос анхаарч эхэлжээ. Энэ хүрээнд  Цагаан давааны хогийн цэгийн 8 га талбайг нөхөн сэргээсэн нь урьд нь энд хог хаяж байсан гэхэд итгэмээргүй болтол сайхан эдгэжээ. Зөвхөн Цагаан давааны хогийн цэгт гэхэд сүүлийн 2 жилд нийт 8 га талбайг ийнхүү зүлэгжүүлсэн нь гайхалтай үр дүнд хүрсэн нь нүдэнд илхэн. Гэхдээ дарж булсан хогноос хэсэгтээ метан хий ялгарч, тэр нь тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй байдаг учраас агаар сэлгэх зориулалттай метан хий зайлуулах 30 гаруй бетонон хоолойг суурилуулжээ. Мөн нэгэнт сэргээсэн талбай дээр дахин шинээр хог хаягдал үүсгэхгүйн тулд тусгай хашаагаар тусгаарлан хамгаалсан байна. Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд олон наст ургамал тарьсан учраас нэг ургасан өвс дараа жил дахиад л өөрөө ургана. Тэр хэрээр үндэс нь бэхжиж, байгалийн унаган төрх рүүгээ улам ойртоно гээд бодохоор сэтгэлд өег. Одоо гагцхүү хог хаягдал боловсруулах үйлдвэрээ жинхэнэ утгаар нь байгуулж, хогийг баялаг болгох, анхны эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоогоо үр ашигтай ажиллуулах нь хот хогноосоо салахад бүрэн дүүрэн ач тустай. Тэгж чадах юм бол өдөрт хэдэн мянган тонн хог хаягдал хогийн цэг нэртэй байгальд хаягдаж, экологийн сүйрэлд хүргэдэг эмгэнэлт байдалд бид бүрэн цэг тавьж чадах билээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна