Маргаан дагуулаад буй Хөрөнгө оруулалтын хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. 2021 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх байнгын хорооны хурал дээрээс шүүмжлэл дагуулж Д.Өнөрболор, П.Анужин нар хуулийн төслийг боловсруулах явцад тэдний оролцоог хангаагүйн дээр өмнө нь байгаагүй заалтуудыг төсөлд оруулсан хэмээн хуулийн төслийг буцаан татахыг хүссэн юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “ Энэ хуулийн заалт нь Монгол Улсад бизнес хөрөнгө оруулалт хийх компаниудад үүд хаалгыг нээж өгөхийг зорьсон. Манай улс экспорт, хөрөнгө оруулалт, зээл гэсэн гурван хүчин зүйлээс эдийн засгаа бүрдүүлдэг. Түүхий эдийн үнэ өссөн ч экспортоос ашиг хүртэж чадахгүй байна. Босготой холбоотойгоор хөрөнгө оруулалт мөн байхгүй болсон. Энэ босго нь зөвхөн гадаадын иргэдэд бус монголчуудад ч ашигтай. Гаднын компанийнхантай хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаад, монгол иргэд хамтарсан компани байгуулах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс энэ босгыг зайлшгүй бууруулах нөхцөл байдал үүссэн.
Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн аль ч шатанд хуулийн төслийг буцаан татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л эдэлж байгаа байх. Хуулийн төсөлд үг хассан, нэмсэн тухай асуудал яригдсан. Цэг, таслалын ч ялгаа байхгүй” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад 500 мянган ам.доллар, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Өөрөөр хэлбэл Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хуулиар визний асуудлыг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалт хэчнээн их байсан ч Үндэсний хөгжлийн газраас нотлох баримт бичгээ авч, Гадаадын иргэн харьяатын газарт байнгын оршин суугч иргэн болох эрхээр хандана. Холбогдох хуулийн дагуу Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хуулиар Гадаадын иргэн харьяатын газар байнгын оршин суух эрхээ өгөх үү үгүй юу гэдгийг өөрсдөө шийднэ. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол Гадаадын иргэн харьяатын тухай хуулиас давсан байж болохгүй" гэлээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна