Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байна. Тэдний 16 хувь нь III тундаа хамрагджээ. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаагийн 17 хувь буюу 184.753 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад байна.
Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид 19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Учир нь бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусийн эсрэг тэмцэх дархлааны түвшин буудаг байна. Тиймээс дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусээс хамгаалах түвшинд хүрдэг аж. Өөрөөр хэлбэл нэмэлт тунгийн вакцин хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талтай юм.
Харин халдвараар нэгэнт өвчилсөн иргэдийн тухайд хэсэг хугацаанд нэмэлт тунг хийлгэхгүй байж болно. Дашрамд дурдахад нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа юм байна. Тиймээс та харьяаллын бус газарт амьдарч байгаа, түр оршин сууж байгаа бол аль ч цэгт хандан нэмэлт тундаа хамрагдах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл алга байна