Б.Энхбаяр гишүүний санаачилсан эл хуулийн төсөл олны анхаарлыг багагүй татаж буй.
Уг нь бүр 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулинд шүүх эрх мэдэл хараат бус, бие даасан байхыг тунхагласан. Гэхдээ энэ асуудал зөвхөн тунхаг болж шүүх, шүүгч эрх мэдэлтний дохиур, өрсөлдөгчөө намнах цохиур болсон алдааг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнтэй холбогдуулан өөрчилсөн Шүүхийн тухай хуулиар зассан билээ. Гэхдээ шударга ёсны дархлаа болсон шүүхийн хараат бус байдал процессын хуулиас хамаарна гэдгийг хууль санаачлагч онцолж буй.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” хэмээн тов тодорхой хуульчилсан. Харин амьдрал дээр энэ бүхэн бүр эсрэгээрээ явж ирсэн гашуун түүх бидэнд бий.
Эхлээд тухайн хүнийг хэвлэлээр санаатай санамсаргүй нийгмийн хог шаар болтол нь балбана. Мөнөөх хүнийг бултаараа үзэн ядах бэлээхэн хөрсөө ингэж бэлдэнэ. Энэ үйл ажиллагаанд мөрдөгч, прокурор, сэтгүүлчид гол дүрд тоглоно. Шүүх хурал болохоос өмнө ,шүүхийн шийдвэр гарахаас урьд албан бусаар яллаж, гэм буруутан болгож буй нь тэр. Үүний дараа шүүх хурал болно. Хэрвээ тухайн хүний гэм буруутай нь нотлогдохгүй бол шүүх хэргийг дахиад л нэмэлт мөрдөн байцаалтад буцаана. Нэг ёсондоо занасан, захиалсан хүнээ заавал яллахын төлөө “хонгилын хууль” тэгж л үйлчилж ирсэн.
Зүй нь бол мөрдөгч, прокурор, шүүгч нарт яллах ба цагаатгах нотлох баримтыг бүгдийг тэгш цуглуулах, үнэлэх, аль нэг талыг хэт баримталж, давуу байдлыг гаргахгүйгээр шүүх хуралдаанд талууд мэтгэлцэх ёстой.
Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ сураг ажигт, олон нийтийн сэтгэл зүйд хөтлөгдөж, түнд тааруулсан шийдвэр гаргах биш гагцхүү нотлох баримтад л үндэслэх учиртай билээ.
Уг нь хуульд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэж тов тодорхой заасан. Гэтэл практик дээр шүүх энэ заалтыг хэрэгжүүлсэн нь тун цөөхөн. Гэм буруутай нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад ямар ч хамаагүй аргаар нотлоод ир гэх хандлага нь хилсээр ял тулгахын үндэс болчихоод байна.
Хууль зүйн шинжлэх ухаанд “Нэг гэмгүй хүнийг хилсээр ялласанд орвол зуун гэмт хэрэгтэнг сулла” гэдэг хэлц үг байдаг нь зүгээр ч нэг гарсан үг биш. Хэлмэгдүүлэлт, хилс хэргийн улмаас хүний эрх, эрх чөлөө алдагдахаас сэрэмжилж буй хэрэг.
Гэтэл хууль шударга ёсны энэ зарчмыг яриад эхлэхээр ерөөсөө л гэмт хэрэгтэнг хаацайлах нь, ял зэмээс чөлөөлөх нь, нотлох баримтгүй гэх нэрийн дор цагаатгах гэлээ гэсэн дайралт шүүмжлэл ч нэг талаас цухалзах болов.
Хүмүүсийн үзэл бодлоор, олонхийн бодож байгаагаар, эсхүл хэвлэлээр гарсан мэдээллээр, хов живээр хүнийг гэм буруутай гэж үзэж ялладаг болчихвол шүүх байхын хэрэг огтхон ч үгүй. Нотлох баримтад тулгуурлаж гагцхүү хуульд захирагдаж биш дээр дурдсан дэгс хугас зүйлд хөтлөгдөж, эсвэл хэн нэгний захиалга, хорсол заналыг гүйцэлдүүлэх байдлаар хэрэг маргааныг шийддэг шүүх байх юм бол Үндсэн хуулийн үзэл баримтлал цаасан дээрж “үхэж”, шүүхийн шинэчлэл хөлд оролгүй амь тасрах аюултай.
Олон нийт гэм буруутай гэж үзсэн хүнийг шүүх цагаатгачихлаа гэдэг шүүмжлэлээс айгаад гэмгүй хүний эрхийг зөрчиж торны цаана хийгээд байвал хууль шударга ёсыг булшилж орхино. Хууль, шударга ёсоо торны цаана хийж байгаа улсад ардчиллын тухай ярих бүү хэл бодсоны гарз. Яагаад гэвэл олон хүний бодож байгаа нь заавал зөв байна, үнэн байна гэсэн үг биш. Харин нотлох баримт бол гэм буруутай эсэхийг шүүх хийгээд шүүгдэгчийн өмнөөс ярьдаг цор ганц үнэн билээ. Нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэхийн учир ердөө л энэ юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна