ИСМАЙЛД “ЭЗЭМДҮҮЛСЭН ДЭВТААТУУД”

Халуун сэдэв 3 years, 10 months өмнө

                               Өнгөрөгч 7 хоногт ам л ангайвал дээлийн өнгө ярьчих гээд байдаг нэг хатагтай, дэлхийн боловсролтой гэж олонд хүндлэгдсэн бас нэг гишүүн, Гуулин улсад элэгтэй монгол ахайтан, драмын театрын Цэрэнболдтой нүгэлтэй адилхан / энэ үйл явдал болсноос хойш ч Исмайл сайдтай л илүү адилхан харагдаад байх болчихлоо / нэг эрхэм гээд дөрвөн түшээ нийлж байгаад Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээчийг парламентад оруулж ирэв.

          Эхэндээ ч үгүй энэ чинь овоо доо, хүн гэсэндээ хөөрхийс минь гэж энэ дөрөв маань бас хууль ном санаачилчихаж гээд л тойргийн хэд нь бөөн баяр хөөр болов. Гэтэл нэг л биш ээ.

          Магтсан хүүхэн хуримандаа унгав гэгчээр мань дөрвөн гишүүн хуулийн хулгай хийх гэж байгаад баригдаж бантангаа хутгав.

Уг нь Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1-д “Улсын Их Хурлын гишүүн...бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална....” гэсэн заалт буй. Гэтэл мань дөрөв эл заалтыг нэг л ухаж ойлгоогүй / угаасаа уншаагүй байх / бололтой шүү. Хамгийн гол нь өөрсдийгөө аль ард түмний элч гэж ойлгож байгаа нь тодорхой бусын дээр ямар улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлаад байгаа нь мэдэгдэхээ байв.

          Өнөөх хуулийн төслийг нь үзэхнээ манай ээмэгтэй гишүүд 50 мянган ногоонтой л бол гадаад хүнд “өврөө дэлгэх”-ийг бүрэн хүлээн зөвшөөрсөн заалт дурайгаад байж байх нь тэр.

           Бүр лавшруулаад харсан чинь 50 мянган доллартай л бол урд хөршийн тариачин тэрэгчин, умар зүгийн мафичин дээрэмчин хэнбугай ч байсан хөрөнгө оруулагч хэмээх хүндтэй сайхан сэтэр зүүгээд гэр бүлээрээ Монгол Улсад байнга оршин суух визтэй болох хаалгыг дэлгээд орхисон байх нь тэр.

          Хамгийн хачирхалтай нь манай эрхэм хүндэт дэвтаатуудад өнөө хөрөнгө оруулагч нар нь Монгол улсад байнга оршин суугаад жирийн ард олон, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хийж чаддаг ажил бизнес, хэдэн төгрөгний ашиг орлогыг булаах нь огт хамаагүй аж.

          Гуталчин Ли зах дэлгүүрийн лангууг эзлэх, ногоочин Ким тариалангийн талбайд эзэн суух, өвс зардаг Иван баар ресторан, цайны газар ажиллуулах, тосгоны Чан хөдөө талд өөрийн хонио хариулах манай өнөөх дэвтаатуудад огт падлийгүй бололтой.

       Өнөө 400 саяараа ирнэ гэж мөрөөдөөд байгаа жуулчид нь хятад эзэнтэй хоолны газар бууж, солонгос эзэнтэй зочид буудалд хоноглож, орос эзэнтэй бааранд наргиж , монгол хүнийг зарцалж, монгол эмсийг зайдалж байгаад буцахыг ёрлосон мэт.

          Хуулийн заалтад ийн гар дүрсэн хулгайн хэрэг нь баригдаад ирэхээр ойгүй ухаантай эвтэй дөрвөн гишүүн маань түрүүчээсээ ой санамжаа алдсан болж гүлдийж эхлэв.

        Эхлээд нэг нь зарчимгүй энэ үйлдлийнхээ талаар зарчмын байр суурь гээчийг илэрхийлж зад мэлзэв. Бүр энэ хуулийг нь эрс эсэргүүцээд байгаа иргэд бидэнтэйгээ жигтэйхэн санал нэг байгаа гэдгээ илэрхийлэв. Хуулинд шинжлэх ухаанч мэдлэгтэй хандах ёстой гэж байгаад л бүр 5 минутын хичээл заах нь тэр. Хоолой нь зангирч ирээд л хэлж байна лээ хөөрхий. Ажлын хэсгийн ахлагч тэр нэг өөдгүй муу Исмайл өөрийг нь огт мэдээгүй байхад гарын үсгийг нь зуруулсан байж таарав.

          Сэтгэл уярам энэ сайхан мэдэгдэлтэй яг зэрэгцээд бас нэгэн ээмэгтэй гишүүний эх оронч уриа сошиалаар нуль цуурайтах нь тэр. Тус цогтой эх оронч уриалгад “...Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг...сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат ! ...” гэсэн тэмцэгч үгс нэвт  цоролзоно.

            Хөөе нөхөд өө. Эндээс үзэхэд бидэнд хоёр дүгнэлт гарч ирээд байна.

         “Исмайл сайд” гэдэг чинь түүхэнд ч биш, кинонд ч биш бүр өнөөгийн манай парламентад байгаа болж таарав. Өөдгүй муу тэр Исмайл манай парламентын сор болсон сайхан бүсгүйчүүдийг ямар нэгэн ой санамжийг нь алдуулагч дарс юм уу, аль эсхүл хороор хордуулаад ухаан нь балартан өвөр дээр нь тэрийн унах тэр мөчид мөнөөх хуулийн төсөл гээч дээрээ хүчээр гарын үсгийг нь зуруулсан байж таарах нь. За тэгээд өөр яасан ч юм билээ золиг. Манай хэд лав сайн санахгүй байгаа юм даг. 

          Харин хоёр дахь дүгнэлтийн тухайд манай монгол төрийн хатан ухааны оройн дээд болсон хацар гоо түшээдэд маань санаачилчих эвтэйхэн хууль олдоогүй тул аиьдрал дээр болж байгаа хуулийн заалтыг онилон муужруулаад эргээд түүнийгээ засах мэргэн ухаан сэдсэн байж болох талтай. Гэхдээ тэд үүнийгээ ер хүлээн зөвшөөрөхгүй уйлж, уурлаж, мэгшиж, мэлзээд байгаа л даа    

           Тийм болохоор Их хурлын даргад анхааруулж хэлэхэд наад парламентад чинь “бэлгийн”, арай ч  биш ээ “бичгийн дарамт”, өөрөөр хэлбэл хүчээр эзэмдэн гарын үсэг зуруулах хүчирхийлэл гараад хөөрхий муу ээмэгтэй гишүүдийг маань зовоогоод байгаа юм биш биз хэмээн бүр санаа зовж орхилоо байна. Ингэхээр “Исмайл чи үхвэл таарна...”

 

Нийтлэлч И.Содномжид 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв