Саяхан Норвегийн Осло хотноо болсон чөлөөт бөхийн тэмцээнд. ианай эмэгтэйчүүд дөрвөн хүрэл медаль хүртэж, эмэгтэй баг гуравт жагсан ирэх жилийн Дэлхийн цомд оролцох эрхтэй болсон билээ. Эмэгтэйчүүдээс 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн жин 50 кг-д дэлхийгээс анхны медалиа авсан бол 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг мөн л дэлхийн аваргаас анхны медалиа авч монголчуудаа баярлуулав.. Түүнчлэн 59 кг-д хүч сорьсон Б.Шоовдор сүүлийн дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдаж, гурав дахь хүрэл медалиа хүртэн ямар чансаатай бөх болохоо нотолсон бол 62 кг-ын жинд Э.Гантуяа дэлхийн аваргын анхны хүрэл медалиа авлаа. Гялалзсан амжилт үзүүлж хүрэл медаль хүртсэн эмэгтэй тамирчидаас чөлөөт бөх сонирхогчид маань Э.Даваачимэгийг онцолж байна. Тэрээр хүрэл медалийн төлөө Украины Соломия Винниктэй барилдсан бөгөөд барилдааны төгсгөлд даралтад орохоо шахаж хөгжөөн дэмжигчдээ тэвдүүлсэн. Энэ үед дасгалжуулагчийнх нь хэлсэн "Хоёр хүүхдээ бодооч чи" гэсэн ганц үг түүнд санаанд оромгүй гэнэтийн хүч өгч хүнд байдлаас гаран улмаар өрсөлдөгчөө онооны давуугаар ялж бид бүхнийг баярлуулсан билээ. Барилдааны хувь заяа шийдэгдэх яг тэр торгон эгшинд дагалжуулагчийнх нь хэлсэн үг , хоёр ихэр үр нь түүнийг түшиж ийнхүү дэлхийн бөх болголоо. Үг хүчтэй, үрээ гэх эхийн сэтгэл бүр ч хүчтэй гэдэг л энэ биз ээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна