УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2, 3 дугаар багийн 50 айлын жишиг гудамж төслийг 2020-2021 онд хэрэгжүүлжээ. Гэхдээ жишиг гудамж байгуулахад багагүй саад учирч, ялангуяа иргэдийн хандлага, санаачилгад зарим үед сэтгэл дундуурхан байснаа нуусангүй. Тэрээр нүүр номдоо “....Гэр хорооллын иргэдийнхээ байшингийх нь дэргэд халуун, хүйтэн, бохирын шугамыг нь оруулж өгсөн. Дэд бүтцийн төвийг дэргэд нь барьсан. Ногоон зээлд хамруулж өгөх хүсэлтийг маань бүх банк дэмжиж өгсөн.
Төсвийн даалгаварт мөнгө тусгаагүй олон ажлыг хийсэн. Гэр хорооллын айл бүрийн үүдэнд сүүдрэвчтэй, хогийн савтай, амарч суудаг сандалтай байгаасай гэж 50 айлын гаднах орчныг бүрэн тохижуулсан. Зүлэгжүүлж, тоглоомын талбай, биеийн тамирын талбайг шийдсэн. 50 айлын бүх хашааг 100 хувь нэг загварт оруулж, үзэмжтэй болгосон. Гудамжны 2 талыг хааж машин явахгүй болгож, аюулгүй байдлаа хангасан. Айлууд ар өврийн хаалгаараа машин тэргээ оруулж гаргадаг шийдлээр хийсэн.
Иргэдтэй энэ намар уулзахад зүлэг муу ургалаа, ногоон зээл чинь хотоос бараагаа ав гэсэн, хогийн сав хаачив, сагсны шийд алга болчихлоо, дэд бүтцийн төвийн халаалт муу байна / үнэндээ нүүрс биш хаягдсан дугуй түлдэг болж таарсан / баруун эргүүлж халаалт өгдөг товчлуурыг зүүн тийш нь эргүүлээд зуухаа эвдчихсан, архичид ирээд байхаар нь өөр гудамжны хүүхдүүд тоглуулахаа больчихсон...Сүүлд нь аягүй бол та нар төсөв мөнгөнөөс нь идсэн дээ гэдэг үг хүртэл дуулсан.
Гүйцэтгэгч байгууллага, манай ажлын албаныханд ийм гомдол хэлсэн. Жишиг гудамжны эзэд өөрсдөө бас жишиг байгаасай гэж би бодсон. Жишиг гэдэг бол бусад гэр хорооллынхоо иргэдийг гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр жишиг байхад уриалах учиртай юм шүү гэж хэлэхийг хүссэн. Дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөж, зах зээлийн нийгэмд том боломжийг олгож байгаа юм шүү гэж нэмж хэлэхийг бүр их хүссэн шүү. Эзэн шиг нь эдээ хайрлах сэтгэлтэй байгаасай гэж бодсон” гэжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна