Тархалтаараа дэлхийд тэргүүлж буй зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг багасгах, ялангуяа хөгжиж буй орнуудад тус асуудлыг шийдэхэд дэмжлэг болох зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх – Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан 3 тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл энэ хөтөлбөрт Ази тивээс Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдож анх “ЭРҮҮЛ ЗҮРХ – ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр энэ хөтөлбөр “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ МОНГОЛ” болон өргөжиж орон даяар хэрэгжиж байна. Манай улсын тухайд 100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор дэлхийд НЭГДҮГЭЭР-т бичигддэг бөгөөд энэ нь дэлхийн дунджаас даруй 4 дахин их гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл нийт нас баралтын шалтгааны 77 хувь нь халдварт бус өвчин байгаагаас 32% нь 30-70 насныхныг хамарч, эрт нас баралтын шалтгаан болж байна. Үүнээс нас баралтын 30% зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлдэг аж. Түүний гол эрсдэлт хүчин зүйл нь цусны даралт ихсэлт юм.
Даралт ихсэлттэй хүн амын 20,7% нь эмчийн хяналтад байдаг бөгөөд тэдний ердөө 7.4% нь эмчилгээ үр дүнтэй буюу даралтаа хэвийн хэмжээнд барьж чаддаг аж.
Тиймээс Оном сангаас хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ ЗҮРХ – ЭРҮҮЛ МОНГОЛ” хөтөлбөр иргэдийг цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний менежментийг чанаржуулах, хяналтыг сайжруулах замаар зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах зорилго тавьж буй. Энэ хүрээнд транс тос, давсны хэрэглээг 30%-иар багасгах замаар даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг зорьж байгаа юм. Мөн цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэгийг 80% хүртэл нэмэгдүүлэх, цусны даралт ихсэлтийн эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50%-д хүргэх зорилт тавиад байна. Та цусны даралтаа зөв хэмжиж суръя гэвэл дараах линкээр орж судалгаанд хамрагдаарай.
https://zurkh.mn/?page_id=9810&fbclid=IwAR0PlyZC1a90ppaX1GpDtOuDnS9xrF_V9y0sQSQKrL7d_pYpBSobIL5whVs
Одоогоор сэтгэгдэл алга байна